Өнөөдөр Орхон аймгийн “Ёслол, хүндэтгэлийн өргөө”-д төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Энэ удаад нийтдээ зургаан байгууллагын 17 албан хаагч Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль ёсыг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Дээрх алба хаагчид нь үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ хийлгэж, тодорхой хугацаанд төрийн албанд ажилласан боловсон хүчнүүд юм.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү хэлсэн үгэндээ “Та бүхэн төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ төлөө шинийг санаачилж, уламжлалт ажлыг улам хөгжүүлэн ажиллахыг хүсэн ерөөе” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан журмын дагуу зохион байгуулдаг юм.
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN