Румын улсын нийслэл Бухарест хотноо долдугаар сарын 26-31-ний хооронд чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөхийн төрлөөр зохиогдсон ДАШТ-д дэлхийн 56 орны 400 орчим тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд өрсөлдсөн. Монголын багийн тухайд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор нийт 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөөд байсан ч зарим шалтгааны улмаас цөөн тамирчин дэлхийн аваргыг зорьсон юм. Тодруулбал, Б.Майдар /эр, 50 кг/, Э.Бэхбаяр /эр, 55 кг/, Б.Хаш-Эрдэнэ /эр, 60 кг/, Г.Идэрхүү /эр, 66 кг/, Б.Номиндалай /эр, 74 кг/, Ц.Бямбазаяа /эм, 48 кг/, Э.Даваачимэг /эм, 51 кг/, Б.Номин-Эрдэнэ /эм, 55 кг/, Б.Батцэцэг /эм, 59 кг/, О.Оюунтуяа /эм, 67 кг/, Б.Даваацэрэн /эм, 72 кг/ нарын 11 бөх дэлхийн аваргын дэвжээнд зодоглосноос өнгөрсөн жил Сингапурт болсон өсвөрийн анхдугаар олимпийн наадмын аварга Б.Батцэцэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ удаагийн дэлхийн аваргыг өндөрлүүллээ. Б.Батцэцэг тэмцээний гурав дахь өдөр 59 кг-ын жинд барилдаж, эхний тойрогт Болгарын Жанан Фахри Ахмедыг 2:0; 2:1 харьцаатай, дараа нь Казахстаны Жулия Сатымбековаг 0:1; 3:2; 3:0 харьцаагаар, Германы бөх Катрин Ноемаейрыг 0:2; 1:0; 2:0 оноогоор ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Улмаар Молдавын тамирчин Мариана Есанутай барилдаж, 5:7; 7:3 харьцаагаар ялагдсанаар аваргын төлөө барилдах боломжгүй болсон ч дагах барилдаанд зодоглон Хятадын бөх Гуань Яажинг 0:6; 1:0; 3:0 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болжээ. Түүний өрсөлдсөн 59 кг-ын жинд Японы тамирчин Юрика Ито аваргын алтан медаль хүртэж, манай бөхийг ялсан Молдавын тамирчин мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын бөх Валерия Жолобова Б.Батцэцэгийн хамт хүрэл медалийн тавцанд гарчээ.
Дэлхийн аваргад оролцсон Монголын бусад бөхчүүд харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Улмаар Монголын эмэгтэй баг багийн амжилтаар 16 дугаарт, харин эрэгтэйчүүд 18 дугаар байрт бичигдлээ.
С.Цэлмэг