16 орны 1000 гаруй залуус энхийн туган дор нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

16 орны 1000 гаруй залуус энхийн туган дор нэгдлээ

Хэл
яриа, өмссөн хувцасаараа ял­гаа­тай ч олон улсын зэвсэгт хүч­ний мянга
гаруй цэргийн албан хааг­чид олон улсын Энхийг дэмжих ажиллагааны “Хааны
эрэлд-2011” сургуулилтад оролцохоор цугласан Тавантолгой дахь зэвсэгт
хүчний сургалтын төвийг зорилоо. Нийт 16 орны нэг мянга гаруй цэрэг,
офи­церийг эгнээндээ нэгтгэж чадсан уг сургуулилтыг цэргийн албан
хаагчид 13 өдөр хамтран хийнэ. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын
төвд өчигдөр  “Khaan quest -2011” олон улсын хамтарсан энхийг сахиулах
ажиллагааны нээлтийн ёслолыг хийлээ. Нээлтийн ёслолд  Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Зэвсэгт
хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал М.Бямбажав, АНУ-ын тэнгисийн
III явган цэргийн хөдөлгөөнт командлагч  дэслэгч генерал Кеннэт Глак
болон бусад төлөөлөгчид  оролцсон юм.  Улс улсын цэргүүд  өөр өөрсдийн
цэргийн хувцасаар ижилсэн жигдэрсэн нь цаанаа л цэргийн сүр жавхааг
илтгэнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нээлтийн ажиллагааг нээж үг хэлэхдээ,
“Монгол Улс өнгөрсөн 2003 оноос хойш НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын тоог
нэмэх, дэлхийн энхийн төлөөх ажиллагаанд амжилттай оролцох зорилгоор
“Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуулилтыг зохион байгуулж байна. Энэ
удаагийн сургалт нь Монгол Улсын олон түүхт ой давхцаж байгаагаараа
онцлог. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын цэрэг дайчид амжилттай
оролцож, энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдийн тоо жил ирэх тутам
нэмэгдэж байгаа нь энэ сургуулилтийн үр дүн” гэдгийг онцолж байсан. Мөн
тэрээр цаашид энхийг сахиулах ажиллаанд Монголын армиас оролцогчдийн
тоог нэмэгдүүлэх, энд хүрэлцэн ирсэн олон орны цэрэг дайчид бие
биенээсээ их зүйл сурч авахыг хүсч, амжилт хүслээ.

Түүний дараа ЗХЖШ-ын дарга М.Бямбажав болон АНУ-ын III тэнгисийн явган
цэргийн хөдөлгөөнт командлагч  дэслэгч генерал Кеннэт Глак нар үг хэлэв.
Үүний дараа цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид гадаад дотоодын
олон дайчдад урлагийн тоглолт хүргэснээр нээлтийн ажиллагаа өндөрлөсөн. 

Зөвхөн цэргийн албан хаагч­даас гадна олон орны хэвлэл мэдээллийнхэн
цугларсан нь “Хааны эрэлд-2011” бэлтгэл сургуулилт аль хэдийн олон улсын
жишигт хүрснийг илтгэх биз. Тэдний дунд БНХАУ-ын “Синхуа”
агентлагийнхан энэ сургалтын мэдээллийг дэлхий нийтэд цацахаар ирсэн
байв.

Энэ жилийн команд штабын сургуулилтад Монгол Улс, АНУ, Австрали, Камбож,
ХБНГУ, Энэтхэг, Индонез, БНСУ-ын Зэвсэгт хүчний офицерууд, салааны
тактикийн хээрийн сургуульд эдгээр улс дээр нэмэгдэж Японы цэргийн албан
хаагчид оролцох юм байна. Сургуулилтыг ОХУ, БНХАУ, Франц, Их Британи,
Умард Ирландын нэгдсэн вант улс, Вьетнам зэрэг орны дайчид ажиглахаар
ирсэн байлаа. Ажиглагчаар өмнөд хөршөөс хамгийн олон зочин ирсэн гэдгийг
зохион байгуулагчид онцолж байсан.

НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох байнгын тогтолцоог бүрдүүлэхэд
дэмжлэг үзүүлэх зорилготой энэ сургуулилт 2003 оноос Монгол Улс, АНУ-ын
Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2006
онд олон улсын сургуулилт болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын
энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний
нэг болсон байна.  Ирэх сарын  12-ны өдөр дуусах энэхүү сургалт нь
дэлхийн олон улс орон энхийн төлөө нэгдэж байгааг харуулсан сургалт
болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан.

Үүгээр “Хааны эрэлд-2011” олон улсын хээрийн сургуулилт эхэллээ. Үлдсэн
12 хоногийн турш цэрэг, дайчид өөрсдийн сурсан мэдсэнээ бусдад
танилцуулж, харилцан туршлага хуваалцах юм байна. Өнөөдрөөс эхлэх
бэлтгэл сургуулилтийн дундуур амралтын хөтөлбөр ч бас багтсан гэнэ.
Амралтын хөтөлбөрийн хүрээнд хээрийн сургуульд оролцож буй улс орнуудын
нэрэмжит соёлын өдрүүд болж,  урлаг спортын тэмцээнээр хурд хүч, авхаалж
самбаагаа сорих бөгөөд эцэст нь Монгол Улсын нийслэлтэй танилцсанаар
өндөрлөх аж. Харь холоос биднийг зорьж, сурсан мэдсэнээ бусдад түгээх,
мэдлэгээ дээшлүүлэхээр ирсэн орон орны залуустаа амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж