Монголын баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

Монголын баг хоёр дахь хожигдлоо хүлээлээ

САППОРО 2017 – АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ


МОНГОЛЫН БАГ ХОЁР ДАХЬ ХОЖИГДЛОО ХҮЛЭЭЛЭЭ
 

Азийн өвлийн наадамд өрсөлдөж буй манай хоккейн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Арабын нэгдсэн Эмиратын шигшээ багтай өчигдөр орой /2017.02.21/ хийлээ. Энэ тоглолтод Монголын баг 3:6-ын харьцаатайгаар хожигдсоноор тэмцээний хоёр дахь хожигдлоо хүлээлээ.

Хоёр дахь өдрөө дараалан тоглолт хийсэн манай тамирчид тоглолтыг тааруу эхлүүлж, эхний үед гурван гоол алдсан.

Хоёрдугаар үеийн төгсгөлд довтлогч Б.Цэрэнбалжир багийн эхний гоолыг оруулж, тооны харьцааг 4:1 болгосон ч гуравдугаар үеийн эхэнд ахин хоёр гоол алдаж, хүнд байдалд орсон юм. Тоглолтын төгсгөлд Б.Эрдэнэсүх, Г.Тамир нар гоол оруулсан ч тэр нь хангалттай байсангүй, ялагдал хүлээлээ.

Арабын нэгдсэн Эмиратын шигшээ баг тэмцээний эхний хожлоо байгууллаа. Харин Монголын баг гурван оноотойгоор хэсэгтээ 5-р байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Арабын нэгдсэн Эмиратын шигшээ баг дэлхийн чансаанд 46-р байрт эрэмбэлэгддэг бөгөөд дэлхийд чансаатай энэ тэмцээнд оролцож буй зургаан багийн нэг гэдэг утгаараа Монголын багийн хувьд тун хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байсан юм.

Монголын хоккейчдийн баг дараагийн тоглолтоо маргааш /2017.02.23/ Хонгконгийн багтай хийнэ. Хонгконгийн баг одоогоор нэг хожилтойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. 


ЭМЭГТЭЙ ТЭШҮҮРЧДИЙН ТЭМЦЭЭН ДУУСЛАА

Обихиро хотноо Азийн наадмын тэшүүрийн тэмцээн болж байна. 

Тэшүүрийн спортын төрөлд өрсөлдөж буй Монголын эмэгтэй тамирчид уралдаанаа дуусгалаа. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд өрсөлдсөн, залуучуудын олимпийн аварга Б.Сумъяа 2:18.25 амжилттайгаар 16-р байрт бичигдэв. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлджээ. Эхний гурван байрыг Японы тамирчид эзлэлээ.

Энэ уралдааны дараа болсон эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд манай хоёр тамирчин өрсөлдсөн.

Өнгөрсөн сард Казахстанд зохиогдсон Универсиад наадамд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон, ОУХМ А.Зул 42,22 секундын амжилтаар 14-р байрт орлоо. Харин Б.Сумъяа 43,72 секундын амжилтаар 15-р байрт бичигдлээ. Энэ зайд нийт 17 тамирчин өрсөлдсөн юм.

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд эхний дөрвөн байрт орсон тамирчид бүгд 500м-ийн Азийн рекордыг эвдсэн бөгөөд Хятадын тамирчин Азийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ч медаль хүртэж чадаагүй тохиолдол гарлаа.


 

БАГИЙН АХЛАГЧ Ч.НАСАНТОГТОХ ОБИХИРО ХОТНОО ЗОЧЛОВ
 

Найм дахь удаагийн Азийн өвлийн наадмын тэшүүрийн төрлийн уралдаан, тэмцээн өөр хотод болж байгаа. Саппорогоос 200 км-ийн зайд орших 169 мянга гаруй хүн амтай Обихиро хот хамтран зохион байгуулагчийн статустайгаар наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд 2009 онд ашиглалтад орсон тэшүүрийн ордондоо тэмцээн хүлээн авч байгаа юм.

Дашрамд дуулгахад, 1998 оны олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга, Японы алдарт тэшүүрчин Х.Шимизу энэ хотоос гаралтай.

"Саппоро 2017" наадамд Монголын багийн ахлагчаар оролцож буй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох Обихиро хотод хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож буй тэшүүрийн багийн багш, дасгалжуулагчидтай уулзлаа.

Тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Энхбаяр, Ж.Долгорсүрэн нар тамирчдын үзүүлсэн амжилт болон бусад холбогдох асуудлуудын талаар санал солилцлоо. Тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилалт хийх зориулалтын талбай, битүү дээвэртэй ордны хэрэгцээ шаардлага их байгааг онцолж байлаа.


Д.ГОЧООСҮРЭН ОУХМ-ИЙН БОЛЗОЛ БИЕЛҮҮЛЛЭЭ

Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 1000 метрийн зайд өрсөлдсөн спортын мастер Д.Гочоосүрэн 1:17,40 секундын амжилт үзүүлснээр хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоож, ОУХМ-ийн болзол хангалаа. Тэрээр энэ амжилтаараа 19-р байрт оржээ.

Энэ зайд өрсөлдсөн манай нөгөө тамирчин болох ОУХМ Я.Зоригтбаатар 1:14,90 амжилтаар 17-р байрт орсон байна.

Энэ төрөлд эхний гурван байрт орсон тамирчид бүгд Азийн рекордыг эвдэж Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэн, Казахстаны тамирчин 2-р байрт оржээ.


Б.ДЭЛГЭРМАА 18-Р БАЙР ЭЗЛЭВ
 

Гүйлтийн цанын төрөлд Монголын тамирчдын салхийг хагалж, ОУХМ Б.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд өрсөлдөж, 43:06,4 амжилтаар 18-р байрт орлоо. Энэ зайд нийт 10 улсын 24 тамирчин орсон бөгөөд манай тамирчин ардаа БНХАУ, Энэтхэг, Ливан, Непалын тамирчдыг орхисон байна.

10 км-ийн зайд Японы тамирчин Ю.Кобаяаши түрүүлж, БНСУ, Казахстаны тамирчид удаалжээ.


АЗИ ТИВ ГУРВАН ОЛИМП ДАРААЛАН ХҮЛЭЭЖ АВАХ УУ?
 

Үүнийг боломжтой хэмээн үзэж байгаагаа Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад Аль Фахад Аль Сабах нуусангүй. Тэрээр өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ үгийг хэлсэн юм.

"Саппоро хотыг Өвлийн олимпийг зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг бид харж байна. Тэднийг зохион байгуУлах хүсэлтэй байгаа гэдгийг сонсоод ч их баяртай байна"

"Мэдээж ирэх өдрүүдэд ямар улсууд 2026 оны наадмыг зохион байгУулах хүсэлтээ илгээхийг бид шинжлэх хэрэгтэй. Хэрвээ хүсэлт бага ирвэл бидэнд 3 дахь наадмаа дараалж хүлээж авах боломж өндөр болж ирнэ гэсэн үг." хэмээн тэрээр хэлжээ.

Ирэх жил БНСУ-ын Пёнчан хот өвлийн олимпийг зохион байгуулах бол 2022 оны наадмын эрхийг БНХАУ-ын Бээжин хот аваад байгаа билээ.

АОЗ-ийн ерөнхийлөгч энэ үеэр энэ жил зохиогдох уралдаан тэмцээнүүдийн талаар мэдээлэл өгөн, бэлтгэл ажил өндөр түвшинд явж байгааг ^урьдсан юм. Мөн өвлийн улирал байхгүй зүүн өмнөд азийн орнуУ^ад өвлийн спортын төрлүүд жигд хөгжиж, олон тамирчдаа илгээж байгаад талархаж байгаагаа нуусангүй.

"Маш олон ирээдүйн олимпийн аваргуудын мөрөөдөл эндээс эхэлдэг. Саппоро 2017-ийн тамирчид ^ундаас ирэх жилийн Пёнчаны аваргууд төрнө гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн тэрээр хэлжээ.

Эх сурвалж:  МҮОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж