“Пёнчан-2018” олимпийн бэлтгэл жигдэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.22-нд нийтлэгдсэн

“Пёнчан-2018” олимпийн бэлтгэл жигдэрчээ

Өмнөд Солонгосын Пёнчан хот XXIII дахь удаагийн өвлийн олимпийн бамбарыг 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр асаана.

Өмнөд Солонгос улс өвлийн олимпийг зохион байгуулах гэж гурван удаа өргөдлөө өгч байсан удаатай.

Тодруулбал, өмнө нь Өмнөд Солонгос гурван саналын зөрүүтэй Ванкуверт, дөрвөн саналын зөрүүтэй Сочид ялагдаж байсан. Харин Өмнөд Солонгосын гурав дахь удаагийн оролдлого амжилттай болж, хамгийн эхний шалгаруулалтад өрсөлдөгч Мюнхен хотыг 38 саналын зөрүүтэй илт давуу ялсан юм.  Үүнийг Олон улсын олимпийн хорооны бодлоготой холбоотой гэдэг. Учир нь ОУОХ Ази тивд өвлийн спортын төрөл төдийлөн сайн хөгжөөгүй байгаад анхаарал хандуулж, бүх тивийн ард түмнийг өвлийн спортоор хичээллэхийг уриалж, Азийн хотуудыг дэмжиж байгаа юм. Пёнчаны дараагийн өвлийн олимпийн наадам 2022 онд Бээжин хотноо болно.

Пёнчаны наадмыг зохион байгуулагчдын зүгээс өвлийн олимпийн наадмын бамбарыг танилцуулсан байгаа.  

Бамбарыг цагаан өнгөөр хийсэн нь Өмнөд Солонгосын цагаан шаазанг илэрхийлжээ. Бамбарын урт 700 мм байна. Энэ нь Пёнчан хот далайн төвшнөөс дээш 700 метрт оршдог гэсэн утгыг агуулж байгаа юм.

Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулагч Пёнчан хот нь Сөүлээс хойд зүгт 180 км-т оршдог бөгөөд унаган байгалийн өнгө төрхөөрөө үлдсэн хотуудын нэг юм.

Олимпийн наадмын үеэр Пёнчан  хотыг бусад хотуудтай хурдны төмөр замаар холбоно.  Одоогоор тэмцээн болох бүх барилга байгууламжийн ажил дууссан гэж мэдэгдэж буй. Зохион байгуулагчдын зүгээс үлдсэн хугацаанд хотын дэд бүтцийг сайжруулахад илүү анхаарал хандуулах ажээ.

Э.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж