Сар шинээр туулай цагт босвол сайн

Хуучирсан мэдээ: 2017.02.23-нд нийтлэгдсэн

Сар шинээр туулай цагт босвол сайн

Монголчууд цагаан сарын шинийн нэгний нартай уралдан, зүг мөрөө гаргах зан үйл хийдэг уламжлалтай. Энэ нь тухайн жилийн нүүдэл, суудал, арилжаа наймаа, ажил төрөл нь хийморьтой байж, олз омогтой явахыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа монголчууд жилийн цээр гаргах дом засал хийдэг.

Гэвч, сүүлийн жилүүдэд монголчууд хэт туйлширснаас монголчууд мөр зүгээ гаргахаар уул, овоонд гарч, өргөл өргөх нэрээр байгаль орчныг бохирдуулах нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс энэ бол хийморь лундаагаа сэргээж байгаа бус, харин нүгэл үйлдэж буйн шинж хэмээн Төв Гандантэгчиглэн хийдийн зурхайч Б.Энхбаяр тайлбарлалаа. Зурхайч ярихдаа “Мөр, зүг гаргах зан үйл эртнээс уламжлагдан ирсэн үйл. Хот айлын ахлагч нуган үрсээ дагуулаад ойр хавийнхаа уул овоон дээр гарч, цагаан эсгийгээ дэвсэн идээ, будаа цай сүүнийхээ дээжийг өргөж сан салхиа тавьсны дараа мөрөө гаргадаг заншилтай байсан. Харин өнөөдөр өвгөдөөсөө эхлээд нялх хүүхэд хүртэл мөрөө гаргадаг болжээ. Хуучин цагт өрхийн тэргүүн тухайн айлыг төлөөлөөд мөр зүгээ гаргахад болдог байсан” гэв.

Сар, шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээр монголчууд уул овоондоо гарч, байгаль хангайгаа бохирдуулдаг. Тиймээс шинэ жилдээ сайн, сайхан явахыг бодож байгаа бол ядаж л уул, овоогоо “хогийн цэг” болгомооргүй байна.

Дээр үед монголчууд байгаль дэлхийдээ зөвхөн цай сүүнийхээ дээж өргөн буян хишгээ даатгадаг байсан бол өдгөө идээ ундаагаа өргөх нэрээр боов чихэр, ундааны сав, архины шилний уул, овоогоо бохирдуулж буйд зурхайч сэтгэл эмзэглэж явдгаа ч нуусангүй.

Тиймээс удахгүй гарах шинийн нэгэндээ мөр, зүгээ зөв гаргахыг хүсвэл эх дэлхийдээ хор багатай, өргөлийн зан үйлээ хийж, сэтгэлээ ариун байлгах учиртайг зөвлөсөн юм.

ТӨМӨР ДЭЭР СУУСАН ХҮНИЙ ХИЙМОРЬ БАРУУН ЗҮГТ БИЙ

Мөр гаргана гэдэг нь хийморийн зүгтээ эхэлж гараад, буян хишгийн зүгээс ирэхийг хэлдэг байна. Энэ нь тухайн жилийнхээ цээрийг гаргаж буй заншил юм.

Мөр зүг гаргахдаа “Хар нохойн ам” гэгчийг сайтар ажиглаж мөрөө гаргахыг Төв Гандантэгчиглэн хийдийн зурхайч Б.Энхбаяр санууллаа.

“Хар нохойн ам” гэдэг нь хаврын сардаа зүүн зүгт байдаг гэнэ. Тахиа жилийн “Хар нохой ам” нь баруун зүгт байгаа аж. Энэ нь төмөр дээр суусан хүний хийморь баруун талдаа байна гэсэн үг аж.

Иймд чанх баруун тал руу гаралгүйгээр зүгээ өөрчилж гараад буян хишгийн зүгээсээ ирж, мөрөө гаргах ёстой гэнэ.

ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ НОЁДООС ШАЛТГААЛНА

“Алтан унжлагат хэмээх” тахиа жилийн өнгө зурхайд бууснаар өндөр настан болоод түшмэл ноёдод халтай байх аж. Харин багачууд, залууст ээлтэй гэжээ. Байгаль дэлхийн хувьд гэнэтийн мөндөр, хяруу буух нигууртай буюу хур ихтэй гэж зурхайд буусан байна. Хураа дагаад тариа, ногоо ч арвин гарах аж.

Жилийн ерөнхий төрхөөр хааны талд ширүүн учир дээдэстнүүд ард олноо энхрийлбэл зохилтойг Б.Энхбаяр зурхайч хэллээ. Хэрэв ард олноо гаргуунд хаявал хааны талбар, түшмэд ноёдтойгоо ард түмэн нь тэмцэлдэх маягтай гэж зурхайд буужээ. Гэхдээ дор бүрнээ сэтгэлээ зөв байлгаж, буян хишиг хураавал жилийн өнгө зөв байх аж.

ЭЗЭГТЭЙ НАР ӨГЛӨӨ ТУУЛАЙ ЦАГТ БОСВОЛ САЙН

Сар шинийн өглөө айл гэрийн эзэгтэй туулай цагт босвол сайн гэнэ. Энэ нь тухайн жилдээ цог хийморьтой байхыг бэлгэддэг аж. Эрт дээр үед гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа, тахил дээжээ бурхандаа өргөх хооронд өрхийн тэргүүн хийморийнхоо зүг гараад буян хишгийнхээ зүгээс ирж тухайн жилийнхээ цог золбоо, хийморь лундаагаа сэргээдэг заншилтай байжээ.


АРВАН ХОЁР ЦАГИЙН МОНГОЛ ТООЛОЛ 

  • Хулгана цаг: Шөнө дөл, 23.40 – 01.40
  • Үхэр цаг: Шөнө дөл хэлбийх, 01.40 – 03.40
  • Бар цаг: Гэгээ шарлах, 03.40 – 05.40
  • Туулай цаг: Үүр цайх, 05.40 – 07.40
  • Луу цаг: Нар мандах, 07.40 – 09.40
  • Могой цаг: Нар хөөрөх, 09.40 – 11.40
  • Морь цаг: Үд дунд, 11.40 – 13.40
  • Хонь цаг: Үд хэвийх, 13.40 – 15.40 
  • Бич цаг: Нар гудайх, 15.40 – 17.40
  • Тахиа цаг: Нар жаргах, 17.40 – 19.40
  • Нохой цаг: Үдэш ,19.40 – 21.40
  • Гахай цаг: Харуй бүрий болох, 21.40 – 23.40 

Зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж