ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж, улсын хэмжээнд нийтдээ 84 аж ахуйн нэгж, иргэн энэ аянд нэгдэж 300 гаруй сая төгрөгийн бараа материал цугларсан байна.
“Малчдад туслах сайн санааны аян”-д цугларсан эд материал, малын тэжээл хуваарилах ажил Мандал, Хүдэр, Баруунбүрэн сумдад зохион байгуулагдаж дээрхи сумдад тус бүр 10 тн тэжээл, зарим эд материал, малын нэмнээг хүлээлгэн өглөө. Тусламжийн эд зүйл, бараа материалыг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр болон сумдын удирдлагууд оролцлоо. ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар зохион байгуулсан хандив тусламжийн аянд цугларсан барааг 9 аймгийн 27 суманд хуваарилсан байна.
Энэ жил Сэлэнгэ аймгийн 17 сумын 55 багийн 9600 гаруй малчин өрхөд 1.6 сая толгой мал өвөлжиж байгаа. Аймгийн хэмжээнд 8 сум зудын байдалтай, 2 сум зудархуу байдалтай байгаа юм. Иймээс аймгийн удирдлагуудын зүгээс өвлийг харьцангуй хохирол багатай даван туулах бодлогын хүрээнд эртнээс нөөцөө базааж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар харьцангуй хүндрэл багатай ар шинэтэйгээ золгож байна.
ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN