“Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Түүнд цагдаагийнхан хилийн хориг тавиад байсан ч тэрбээр найман этгээдийн хамт энэ сарын 12-ны өдөр нисэх гэж оролдоод баригдсан байна.
Монгол Улсын хоёр иргэн Хятадын хойд хэсэг, хилийн хот Эрээнд хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдсан талаар орон нутгийн гаалийн албаныхан өнгөрсөн Лхагва гаригт (2017.II.15) “Синьхуа” агентлагт мэдээлжээ. Хэрэгт холбогдсон гэх Энхжаргал гэгч нь бямба гаригт (2017.II.11) Бээжингээс Улаанбаатар хүрэх галт тэргэнд гар тээшиндээ 72.57 грамм метамфетамин зөөвөрлөн авч яваад цагдаа нарт баригджээ.
Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг өнгөрсөн онд Хөгжлийн банкны гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2”-оос В3 болгон бууруулсан юм билээ. Тэгвэл тус агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг дахин үнэлэхээр болжээ. Хөгжлийн банкны гадаад валютын урт хугацааны зэрэглэлийг бууруулахын зэрэгцээ тухайн үед Голомт банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк болон Хас банкны валютын хадгаламжийн зэрэглэлийг “В2”-оос “В3” болгож, цаашид ч буурах эрсдэлтэй ангилалд багтаасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээснийг өчигдөр /2017.02.16/ гардуулан өгөв. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Надмидын Бэгз, Түдэвийн Ган-Эрдэнэ, Чимиднямын Доржсүрэн, Ширчиний Дэмбэрэл, Агипарын Бакей, Дэлэгийн Сангаа, Дамдинсүрэнгийн Цэвээндорж нарт “Академич” хэргэм хүртээлээ.
Энэтхэг улс өнгөрсөн Лхагва гаригт /2017.02.15/ орон нутгийн цагаар 09.28 цагт нэг пуужингаар 104 хиймэл дагуулыг сансрын тойрог замд орууллаа. Ингэснээр ганц пуужингаар хамгийн олон хиймэл дагуул хөөргөсөн анхны тохиолдол болж байгаа юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өчигдөр /2017.02.16/ хүүхэд барьцаалсан хэргийн шүүх хурал боллоо. Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард насанд хүрээгүй Б хэмээх хүүг барьцаалжээ. Улмаар хүүгийн хоолойд хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхсэн байна. Шүүх энэ хэргийг хэлэлцээд, Б.Мөнхбаярыг чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих шийдвэрийг гаргажээ.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гаргажээ. Энэхүү хүрээлэнд 1924 оноос хойш Монгол нутгаас олсон бүхий л олдвор, олдворын судалгаа хадгалагддаг байтал өөр байр шийдэж өгөхгүйгээр “гудамжинд” гаргах шийдвэр гаргажээ.
Венесуэль даяар испани хэл дээр цацагдаж байсан “CNN en Español” сувгийг өнгөрсөн Лхагва гаригт /2017.02.15/ хаалаа. Венесуэлийн Харилцаа холбооны үндэсний комисс “CNN en Español”-ийн эсрэг хэрэг үүсгээд байгаа юм. Улс орны ардчилсан тогтвортой байдлыг эвдэж, энх тайвныг бусниулж байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Дельси Родригес энэ сувгийг “Дайны суртал ухуулга явуулдаг” хэмээн буруутгасныг DPA агентлаг мэдээллээ.