Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг баривчилсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Сэжигтэн хоёр эмэгтэйн нэг нь Индонези улсын иргэн, 25 настай Сити Айшах гэгч бол нөгөөх нь Вьетнам улсын пасспорттой, 28 настай Доан Ти Хуон гэнэ. Харин гурав дахь сэжигтэн болох эрэгтэй нь индонези эмэгтэйн найз залуу аж.
Ким Жун-нам нь Малайзын Куала Лумпур хотын нисэх буудалд ухаан алдаж унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Түүнийг хоёр эмэгтэй хортой зүүгээр хатгаж хордуулан хөнөөсөн хэмээн мэдээлж байна. 46 настай Ким Жун-нам нь Макаод амьдардаг гэр бүл рүүгээ явах гэж байжээ. Малайзын цагдаагийн газраас Ким Жун-намын биед задлан шинжилгээ хийж дууссаныг зарласан боловч хариуг хараахан зарлаагүй байна. Пхеньяны хүсэлтийн дагуу Малайз улс шинжилгээ, мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Ким Жун-намын цогцосыг Хойд Солонгос улсад шилжүүлэн өгөхөөр болжээ.
Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт оролцоогүй гэдгээ Пхеньян өчигдөр мэдээлсэн юм.
Хойд Солонгост өнөөдөр (2017.II.16) Ким Чен Ун болон Ким Жун-нам нарын эцэг, удирдагч агсан Ким Чен Ирийн 75 насны төрсөн өдрийг тэмдэглэж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС, Mirror