УИХ-ын намрын чуулган хаалтаа хийсэн тул УИХ-ын гишүүд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэдэд тавьж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас цөөн хэдэн асуултад тодруулга авлаа.
-МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.16/ ээлжит бус хурал зарлаж, олон цаг хуралдсан. Бүлгээр Олон улсын валютын сан /ОУВС/-гийн тавьж буй саналыг авч хэлэлцсэн гэсэн. Тус сангийнхан манайд яг ямар хөтөлбөр санал болгосон юм бэ?
-ОУВС-тай хийж буй хэлэлцээр харьцангуй урагшилж эхэлж байна. Үүнийгээ үр дүнд хүргэх хэрэгтэй. Засгийн газарт тодорхой чиглэл бодлого УИХ-аас гаргаж өгөх шаардлага гарах байх. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төвшин 1990-ээд оныхоос өөр болсон. Эдийн засгийн хөгжил, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өөрчлөгдсөн учраас “Стэнд бай”-аас арай өөр томьёололтой ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих чиглэлтэй байна.
-ОУВС-гаас манай улсад ямар шаардлага тавьж байгаа юм бэ. “Стэнд бай” биш гэвэл илүү хатуу нөхцөлтэй хөтөлбөр хэрэгжих нь гэж ойлгож болох уу?
-“Стэнд бай” ч хатуу шаардлагатай. Тэр бол хөнгөн хөтөлбөр биш. Гэхдээ хатуу гэдэг нь муу биш. Хатуу гэдэг нь нийгмийн чиглэлийн зарим бодлогоо шинээр дүгнэж цэгнэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл нийгмийн бодлого нь хэтэрхий их ачаалалтай байх юм бол эдийн засаг хүндрэлээс гарахад хэцүү. Үйлдвэрлэж байгаагаасаа ихийг зарцуулаад байвал эдийн засаг сэхэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидний харахыг хүсэхгүй байгаа бодит үнэнийг ОУВС хэлж өгсөн. Тэр утгаараа хүнд шаардлага биш харин үнэн, зөв шаардлага тавиад байгаа юм.
– ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг МАН-ын бүлэг дэмжсэн гэсэн үг үү?
-Ер нь бол ОУВС-тай яриа хэлэлцээрээ үргэлжлүүл гэсэн чиглэлтэй байгаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Парламентын ажлыг дүгнэж хэлэхгүй юу?
-Намрын чуулган үр дүнтэй болсон. Одоо дүгнээд, нэгтгээд үзэхээр шиэн парламент өнгөрсөн хугацаанд нэлээд эрчимтэй ажилласан байна. Тухайлбал, долоо хоног тутамд шинэ хууль баталсан байна. Шинэ хууль гэдэг нь боловсруулж, бүх шатны хэлэлцүүлгээр дамжаад орж ирж байгаа хууль шүү дээ. Нийтдээ 190 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Засгийн газар, УИХ эдийн засгийн хямралаас гарах тал дээр нэлээд анхаарч ажилласан. Дөрвөн том салбарын татварыг нэг хувь болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, татварын хэмжээг 90 хувь хөнгөлсөн. Гэхдээ татвар буулгаад эдийн засагт дэмжлэг болохгүй. Дахиад дээр нь хүнд суртал, шударга өрсөлдөөний орчныг зохистой болгож өгөх ёстой. Ингэж байж эдийн засаг сайжирна. Мөн төсвийн сахилга батаа сайжруулах ёстой.
Нийгмийн чиглэлийн бодлогоо орхигдуулахгүй ажилласан. Жишээлбэл, ахмадуудад насны хишиг олгох, эхчүүд, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн хуулийг баталсан. Мөн ханиад томуу их байгаа тул 10 нэр төрлийн эмийг үнэгүй болгох шийдвэр гаргасан.
Гэрэл зургийг Н.Батмөнх