Өчигдрөөс /2017.02.15/ Венесуэль даяар испани хэл дээр цацагдаж байсан “CNN en Español” сувгийг хаалаа. Венесуэлийн Харилцаа холбооны үндэсний комисс “CNN en Español”-ийн эсрэг хэрэг үүсгээд байгаа юм. Улс орны ардчилсан тогтвортой байдлыг эвдэж, энх тайвныг бусниулж байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Дельси Родригес энэ сувгийг “Дайны суртал ухуулга явуулдаг” хэмээн буруутгасныг DPA агентлаг мэдээллээ.
Венесуэлийн эрх баригчдын энэ шийдвэртэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Венесуэлийн сөрөг хүчний “Ард түмний давалгаа” намын удирдагч Леопольд Лопесийн эхнэртэй уулзсан бөгөөд уулзалтынхаа дараа “улс төрийн хоригдлыг яаралтай шоронгоос суллах”-ыг жиргээгээр уриалсан юм.
Мөн Трампын захиргаа Венесуэлийн дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Тарека эль-Айссамийг хар тамхины худалдаатай холбоотой гэж үзэн АНУ руу нэвтрэх эрхэд хориг тавьсан юм.
А.ТУЛГА