“УБТЗ-2030” форум болно

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

“УБТЗ-2030” форум болно

Энэ сарын 17-18–ны өдрүүдэд BLUE SKY tower зочид буудлын хурлын танхимд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс “УБТЗ-2030” форумыг зохион байгуулах гэж байна. Форумд дотоод гадаадын 280 гаран төлөөлөгч оролцоно. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан 68 жилийн түүхтэй  УБТЗ-ын хамт олон тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулснаа уг форумын үеэр хэлэлцүүлэх юм.

“УБТЗ” ХНН-ийг 1949 онд БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газрын хооронд байгуулж, тэнцүү хувь эзэмшихээр тохирсон бөгөөд тус нийгэмлэгийн үйл ажиллагаа нь нь 1949 оны гэрээгээр зохицуулагдаж байдаг юм.

Монгол Улсын болон бусад улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдан  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнө дотоодын тээврийн салбарт  тогтвортой, тэргүүлэх байр сууриа бататгах, даяарчлагдсан өрсөлдөөнд бэлэн байх, экспорт болон дамжин өнгөрөх ачаа тээврийн өсөлтийг хангах, Европ болон Ази, Орос болон Хятадыг холбосон тээвэр логистикийн тогтолцоонд голлох үүрэгтэйгээр оролцох зэрэг томоохон зорилтууд урган гарч ирж байна.

Тэрчлэн Монгол Улс , ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын Ташкентын уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах асуудлаар ярилцаж тохирсон нь эдгээр 3 улсыг төмөр замаар холбодог УБТЗ-ын үүрэг роль, ач холбогдлыг улам бүр өндөрсгөж, тус нийгэмлэгийн шинэчлэлт өөрчлөлтийг орчин үеийн төмөр замын хөгжлийн түвшинд яаралтай ойртуулах шаардлагыг бий болгож байна.

“УБТЗ” ХНН-ийг эрчимтэй шинэчилж хөгжүүлэх асуудал нь дан ганц тус нийгэмлэгийн асуудал биш бөгөөд энэ нь Монгол Улсын эдийн засгийн чадавх, үзүүлэлтэд давхар нөлөө үзүүлэх учраас төр засгийн дэмжлэг ч чухал юм.

Дээрх асуудлуудтай холбоотойгоор “УБТЗ” ХНН-ийг шинэчлэх, хөгжүүлэх урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах шаардлага, үндэслэлийг бүрдүүлж байна. “УБТЗ” ХНН-ийг 2030 он хүртэл шинэчилж хөгжүүлэх энэхүү хөтөлбөр нь 3 үе шаттай.

Нэгдүгээр үе шат буюу 2016-2020 он

Хоёрдугаар үе шат буюу 2021-2025 он

Гуравдугаар үе шат буюу 2025-2030 он

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “УБТЗ” ХНН нь орчин үеийн төмөр замын хөгжлийн түвшинд ойртож, бүс нутагтаа төмөр замын ачаа тээврийн хэмжээгээрээ өрсөлдөхүйц хэмжээнд очихоор төлөвлөжээ. 

Өнөөдөр тус нийгэмлэг нь жилд 20 сая орчим тонн ачаа тээвэрлэж байгаа бол 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг дунджаар 53.6 сая тонн хүртэл өсгөх  зорилтыг дэвшүүлжээ.

Манай Улсын хойт хилээс урд хил хүртэлх Орос болон Хятадыг холбосон 1110 км урт гол төмөр зам нь “УБТЗ” ХНН-ийн эзэмшилд байдаг бөгөөд уг зам нь европ болон азийг холбосон хамгийн дөт ашигтай төмөр замын коридорт тооцогдож байна. Өнөөдөр Европ болон Ази, Орос болон Хятадыг холбосон төмөр замын коридоруудаар дамжин өнгөрч байгаа нийт транзит тээврийн 10 шахам хувь нь Монгол Улсын нутгаар дайран өнгөрч байгаа бөгөөд 2016 онд гэхэд л 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дайран өнгөрчээ. Тэгвэл 2030 он гэхэд Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх галт тэрэгний тоог одоогийнхоос хэд дахин  өсгөх зорилт тавьсан байна.

Мөн 2030 он гэхэд зорчигчийн галт тэрэгний техникийн хурдыг 1.4 дахин нэмэгдүүлж, төмөр замаар үйлчлүүлж байгаа зорчигчдын тоог 3 саяд хүргэхээр төлөвлөсөн байна.

Мөн 48 км хос зам тавих, Мандал-Багахангайн чиглэлд Богд уулын урдуур төмөр  зам барих, 670 км замын их засварын ажил хийх зэрэг суурь бүтцээ шинэчилж сайжруулах ажлуудыг хийж Монгол Улсад хэрэгжих төмөр замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцохоор төлөвлөжээ. Тэрчлэн зүтгүүрийн болон вагоны аж ахуйн паркаа шинэчлэх ажлууд ч тусгагджээ.

Эдгээрээс гадна УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх уг хөтөлбөрт нийслэл хотоос зайдуу Багахангай өртөөнд тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааны терминал барих, УБ хотын баруун, зүүн захад нэгдсэн терминал байгуулах зэрэг урд өмнө нь яригдаж байсан асуудлууд ч багтжээ.   

Хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад нийт 1.5-4.4 тэрбум ам.долларын  хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон байна.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд 50 шахам хувийг өөрийн хөрөнгөөр  үлдсэнийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж