“Samsung” группийн өв залгамжлагчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

“Samsung” группийн өв залгамжлагчийг баривчлав

“Samsung” группийн өв залгамжлагч И Жэ Ён

Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотны найз Чой Сун Шилд холбогдох авлигын хэрэгт холбогдуулан “Samsung” группийн өв залгамжлагч И Жэ Ёныг баривчиллаа. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын шүүх баасан гаригийн өглөө (2017.II.17) И Жэ Ёныг баривчлах прокурорын хүсэлтийг хүлээн авчээ. Прокуророос “Samsung”-ын захирал И Жэ Ёныг улс төрийн дэмжлэгээ батжуулж, маргаан дагуулсан хоёр компанийг нэгтгэх ажилд дэмжлэг авах зорилгоор Чой Сун Шилд олон сая ам.долларын авлига өгсөн хэрэгт буруутгаж байна. Түүнчлэн оффшор бүсэд хөрөнгө нууж, хууль бус аргаар мөнгө олсон зэрэг хэрэгт буруутгажээ. Прокуророос өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард И Жэ Ёныг баривчлах хүсэлт тавьсан ч нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх татгалзсан байв.

Чой Сун Шил нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй дотно харилцаа, нэр төрийг ашиглан томоохон корпорациудаас олон сая ам.долларын авлига авсан хэргээр шалгагдаж байгаа юм.

Өмнөд Солонгост өмнө нь томоохон группийн өв залгамжлагч, захирлыг баривчилж байгаагүй аж. И Жэ Ёны эцэг И Кун Хи ч прокурорт хоёр удаа байцаалт өгч байсан ч баривчлагдаж байгаагүй гэнэ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж