Монголын багт тоглож буй Хойд Солонгосын сагсчид

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Монголын багт тоглож буй Хойд Солонгосын сагсчид

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг” өндөрлөх дөхөж байна. 2016-2017 оны Үндэсний лигт 12 аймгийн баг баруун, зүүн бүсийг төлөөлөн оролцсоноос өдгөө дөрвөн баг үлдэж, медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтуудыг хийж байна. Энэ жилийн лигийн тоглолтын шөвгийн наймаас эхлэн Хойд Солонгосын шигшээ багийн дөрвөн тоглогч, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа нь лигийг улам сонирхолтой болгосон. Тодруулбал, нэгдүгээр сараас эхлэн шөвгийн наймын тоглолтод оролцож эхэлсэн тэд өдгөө Архангай, Хөвсгөл, Сүхбаатар, Орхон аймгийн багт хүчин зүтгэж байна.

Ингээд Хойд Солонгосын шигшээ багийн тамирчдын талаар мэдээллийг хүргэе.

“Үндэсний лиг”-т урлаг, спортын одод орж, өссөн нутгийнхаа багт тоглодог. Энэ уламжлалын дагуу энэ жил олон алдартнууд оролцож байгаа билээ. Тэгвэл лигийн тоглолтын цар хүрээ улам тэлж, АНУ, БНАСАУ-ын тамирчид хамтдаа нэг багийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, өдгөө хагас шигшээд үлдээд байгаа Архангай, Сүхбаатар, Орхон аймгийн багт легионер тоглогчид тоглож буй. Энэ удаа БНАСАУ-ын тамирчдыг онцоллоо.


Нэр: Чой Рю Ри

Төрсөн он: 1993 он

Чой Рю Ри Хөвсгөл аймгийн багт хүчин зүтгэж, тэмцээнээ дуусгалаа. Учир нь шөвгийн наймд Хөвсгөлийн "Хөвсгөл Нэг Үе" Ховд аймгийн "Ховд Алтайн Аргаль"-д 3:1-ээр хожиж, цааш тоглох эрхийг аваагүй юм. Тиймээс Чой Рю Ригийн хувьд “Үндэсний лиг”-ийг шөвгийн наймаас өндөрлүүлсэн. Түүний хувьд өгөө БНАСАУ-ын шигшээ багийн тоглогч юм.

ЧОЙ РЮ РИ /Хөвсгөл аймгийн багт тоглов/

Нэр: Ким Чол Мён 

Төрсөн он: 1996 он

Архангай аймгийн багт хүчин зүтгэж байгаа Ким Чол Мён. Тус багт олон шилдэг тоглогчид бий. Гэхдээ багийн гол тоглогчийн нэгээр Ким Чол Мён  зүй ёсоор багтаж байна. Шөвгийн наймын шийдвэрлэх тэрбээр чухал оноог багтаа авчирч байсан билээ. Өнөөдөр Архангай, Ховд аймгийн цувралын дөрөв дэх тоглолт болно. Одоогоор цувралыг Архангай 2:1-ээр тэргүүлж байна.

Ким Чол Ён /Архангай аймгийн багт тоглож байна/

Нэр: Шин Күм Бёл

Төрсөн он:  1987 он

Орхон аймгийн багт тоглож буй Шин Күм Бёл. Тэрбээр БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн ахлагч бөгөөд багийнхаа ахмад тоглогчийн нэг. Шигшээ багийнхаа ахлагч тэрбээр энэ удаа ч баг тамирчдаа ахлан Монголд ирсэн. Зүүн бүсийн аваргын төлөө Орхон, Сүхбаатарын хүчирхэг багууд шалгараад байгаа. Тэдний хожсон нь лигийн аваргын төлөө тоглох хариуцлагатай тулааныг хийж буй. Хоёр багийн цуврал 2:2-оор тэнцээд байгаа. Тиймээс аль ч баг легионер тоглогч нартаа ихээхэн найдаж байгаа билээ. Тэдний нэг бол Шин Күм Бёл юм. Шигшээ багтаа тоглож, олон тэмцээнийг үзсэн түүний хувьд Орхон багийг шигшээд үлдэхэд тусалж чадах эсэхийг үлдсэн тоглолтуудаас бид харах болно.

БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн ахлагч Шин Күм Бёл. Орхон аймгийн багт тоглож байна.

Нэр: Ким Чон Ил

Төрсөн он:  1991 он

Сүхбаатар аймгийн багт тоглож буй Ким Чон Ил. Тэрбээр шилдэг тоглолтуудыг үзүүлсээр байна. Зүүн бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй Сүхбаатар, Орхон аймгийн эхний тоглолт хоёрдугаар сарын 2-ны өдөр болсон. Энэхүү тоглолтод Сүхбаатар аймгийн баг хожил авсан бөгөөд шилдэг тоглогчоор Ким Чон Ил шалгарсан. Тэрбээр энэ тоглолтод 25 оноог авч багаа хожилд хүргэхэд их том үүрэг гүйцэтгэсэн байна.

Ким Чён Ил /Сүхбаатар аймгийн багт тоглож байна./

 

МОНГОЛЫН БАГИЙН ЭСРЭГ ТОГЛОЖ БАЙСАН АН ЮН БИН

Өдгөө БНАСАУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Ан Юн Бин улсынхаа шилдэг тамирчны нэг байсан юм. Гэхдээ тэрбээр Монголын багийн эсрэг тоглож байсан түүхтэй хүн. 2010 оны Азийн наадам БНХАУ-ын Гуанжоуд болоход Ан Юн Бин шигшээ багтаа тоглосон. Энэ наадамд БНАСАУ шилдэг наймд багтаж байсан бол Монголын баг IX байрт орж байсан удаатай. Гэхдээ хэсэгтээ БНАСАУ Монголыг 88-67 онооны харьцаагаар хожиж, БНХАУ, БНСУ, Йорданы араас дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Энэ тоглолтод Монголын баг хожсон тохиолдолд шилдэг наймд үлдэх боломжтой байсан бөгөөд тухайн үед Ан Юн Бин тоглож байжээ. Өдгөө тэрбээр БНАСАУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Долоон жилийн өмнө Монголын багийн эсрэг тоглож байсан Ан Юн Бин өнөөдөр Монголын "Үндэсний лиг"-т баг тамирчдаа дасгалжуулан оролцож байна.

Ийнхүү БНАСАУ-ын шигшээ баг анх удаа мэргэжлийн тамирчдаа Монголын "Үндэсний лиг"-т тоглуулж байна. Сануулахад, 21 аймгийн "Үндэсний лиг"-ийн тоглолт өнөөдөр 18.00 цагаас МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.

БНАСАУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ан Юн Бин

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж