Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор нас барсан болсон харамсалтай хэрэг өчигдөр /2017.02.15/ гарсан талаар манай агентлаг мэдээлсэн.
Осолд орсон хүмүүс Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга, ажилтнууд, зарим сумдын сургуулийн захирал, багш нар байжээ. Тэд хоёр автомашинтай явж байсан бөгөөд зорчиж явсан хүмүүсээс нь тав нь амиа алдаж, бусад нь хүнд хөнгөн бэртжээ. Газар дээрээ амиа алдсан хүмүүсийн дунд Өвөрхангайн Боловсрол, соёл урлагийн газрын дарга болон түүний гэргий байжээ.
Осол гарсан газарт Дорнод аймгийн холбогдох албаныхан БНХАУ-ын хууль хяналтынхан хамтран ажиллаж буй юм байна.
Манжуурын замд монголчууд осолджээ
Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр (2017.02.15) гарчээ.
Энэ тухай мэдээллийг уншигч Х… NEWS агентлагт анх дуулгаж, бусад хүмүүст сэрэмжлүүлэг болгон хүргэхийг хүссэн юм. Энэ дагуу бид Дорнод аймгийн холбогдох албаныхантай утсаар холбогдож, мэдээллийг эх сурвалжаас тодруулан хүргэж байна.
Таксинд явсан жижиг тэрэг өөдөөс ирж явсан том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас баржээ. Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс очтол осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлж буй юм байна.
Осол гарах үед зорчигчид Манжуур хотод тун дөхөж явжээ. Автомашиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн зорчиж явжээ. Талийгаачдыг хэн болохыг хараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорьж очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.
Дорнод аймаг болон Алтан-Эмээл, Манжуур чиглэлд өчигдөр цаг агаар таагүй, цас шуурч байсан нь осол гарахад нөлөөлсөн байх талтай.
Манжуур хотыг зорих монголчуудын тоо өвлийн улиралд ч буурдаггүй учраас БНХАУ-ын талаас Манжуурын замыг засч өргөжүүлжээ. Гэсэн хэдий ч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаар байна.
Өнгөрсөн зун Манжуурын замд микро автобус осолдож, хоёр хүний амь хохирсон хэрэг гарч байжээ.
Дорнод аймгийн төвөөс Хавиргын хилийн боомт хүртэлх шороон замыг ч сайжруулах шаардлагатай гэгддэг бөгөөд уг замыг засах амлалт өгч, УИХ-д суусан эрхэм гишүүд анхаарлаа хандуулах цаг болсныг дашрамд сануулъя.
Д.ЦЭЭНЭ