Жак Ма-гаас баян хүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.02.16-нд нийтлэгдсэн

Жак Ма-гаас баян хүн хэн бэ?

БНХАУ-ын толгой баячуудын талаарх мэдээллийг NEWS:Лавлах булан энэ удаа онцолж байна.


1. ВАН ЖАНЬЛИНЬ

Хөрөнгийн хэмжээ: 33 тэрбум ам.доллар

“Dalian Wanda” группийг үндэслэгч, захирал Ван Жань Линь Хятадын хамгийн чинээлэг эрхэм. Түүний компани нийт 21.57 сая квадрат метр талбай бүхий үл хөдлөхийг эзэмшдэг. Нэрлэвэл, тэрбээр Хятад даяар 134 салбар бүхий “Wanda” худалдааны сүлжээ, тансаг зэрэглэлийн 82 зочид буудал, 213 кинотеатр, 99 их дэлгүүр, 54 караоке төвийг эзэмшдэг. Түүнчлэн 2012 онд “AMC” театрын сүлжээг худалдаж авснаар дэлхийн том театрын сүлжээг эзэмшигч болжээ. Өдгөө 62 настай энэ эрхэм Циньдао хотноо мини-Холливудыг сурталчлах зорилгоор 2013 онд Лионардо ДиКаприо, Жон Траволта нарын нэр жүжигчдийг урьж авчирч байв. “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд түүнийг Азийн хамгийн баян хүнээр нэрлэсэн юм. Тэрбээр Ван Сиконг гэх ганц хүүтэй.


2. ЖАК МА

Хөрөнгийн хэмжээ: 28.2 тэрбум ам.доллар

Интернет худалдааны “Alibaba” группийг үүсгэн байгуулагч, захирал Жак Ма 2014 онд Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаа гаргаснаар дэлхий дахиныг шуугиулж байлаа. Нэг бүр нь 68 ам.доллараар үнэлэгдсэн  “Alibaba”-гийн хувьцаа арилжааны анхны өдөр 40 хувиар өсч 94 ам.доллар хүрсэнээр тус группийн хөрөнгө 231,4 тэрбум ам.долларт хүрч,  гол өрсөлдөгч болох АНУ-ын “ebay”-ээс гурав дахин их болжээ. Сурлага муутай хүүхэд байсан Жак Ма 1999 онд найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээхээс өмнө 30 орчим ажил сольсон байв. Өдгөө 52 настай Жак Ма хүү, охин хоёртой.


3. МА ХУАТЕН

Хөрөнгийн хэмжээ:24.5 тэрбум ам.доллар

Пони Ма хочит Ма Хуатен Хятадын олон нийтийн сүлжээ “Wechat”, QQ-г үүсгэн байгуулагч “Tencent” группийн захирал юм. Тэрбээр “Forbes” сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтын 30 дугаарт нэрлэгджээ. Компьютерийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй Ма Хуатены анхны ажил нь харилцаа холбооны компанид хөгжүүлэлтийн албанд сарын 176 ам.долларын цалинтай ажилладаг байв. Тэрбээр 1998 онд дөрвөн найзтайгаа хамтран “Tencent” компанийг үүсгэн байгуулснаар амжилтад хүрчээ. Өдгөө 41 настай Ма Хуатен ганц хүүхэдтэй. Тэрбээр эхнэртэйгээ өөрийн зохион бүтээсэн QQ мессежний үйлчилгээгээр  танилцсан аж.


4. ВАН ВЕЙ

Хөрөнгийн хэмжээ: 18.5 тэрбум ам.доллар

Хүргэлтийн үйлчилгээний "SF Express” компанийн захирал Ван Вей хэвлэлд ярилцлага өгөхөөс цааргалдаг, хувийн амьдралаа нууцалдаг нэгэн аж. Шанхайд төрж, Хонгконгод өссөн Ван Вей 1993 онд эцгээсээ 13 мянган ам.долларыг зээлэн "SF Express” компаниа үүсгэн байгуулжээ. Зургаан хүргэлтийн ажилтан, нэг бүхээгт автомашинтай эхэлсэн түүний компани өдгөө хил дамнасан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг болж өргөжсөн байна. 2005 онд Хятадын төв банкнаас 550 мянган ам.долларын зээл авч бизнесээ өргөжүүлж, интернет худалдаатай хамтран ажиллах болжээ.


5. УИЛЬЯМ ДИН

Хөрөнгийн хэмжээ: 15.2 тэрбум ам.доллар

Интернет тоглоомын сүлжээг үндэслэгч Дин Лей буюу Уильям Дин 2015 онд Forbes сэтгүүлийн Хятадын тэрбумтнуудын жагсаалтад 10 дугаарт нэрлэгдэж байв. Түүний хөрөнгийн хэмжээ жилийн дотор 5.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 2016 онд 15.2 тэрбум ам.доллар болжээ. Цахилгааны инженер мэргэжилтэй Уильям Дин 1997 онд “NetEase” компанийг үүсгэн байгуулснаар амжилтад хүрсэн байна. 20 гаруй хүнтэй үүсгэн байгуулагдсан түүний компани өдгөө 300 орчим ажилтантай групп болон өргөжжээ. Уильям Дин 45 настай.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж