Шадар сайд У.Хүрэлсүх шаггүй менежер бололтой. Ард түмний санаачилгаар, Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулсан хандивын дансанд 120 гаруй сая төгрөг цуглах зуур Шадар сайд олон улсын донор байгууллагад хандан тусламж хүссэнээр 3.800.000 ам.доллар буюу 9 тэрбум төгрөгтэй дүйхүйц санхүүгийн болон техник, бараа, материалын туслалцааг авахаар болжээ.
Хоёр сарын өмнө Засгийн газрын хуралдаанаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах хандивыг донор орнуудаас цуглуулах даалгаврыг Шадар сайдад үүрэг болгож байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын донор байгууллагуудыг урин, уулзалт зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Дээрх арга хэмжээний хүрээнд 13 олон улсын байгууллага, хоёр орны Засгийн газраас дээрх хэмжээний дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Мөн Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 48 сумын нийт 1000 малчин өрхөд Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламж олгохоор болсон байна. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгогдох мөнгийг малчид Хаан банкны нэрийн дансаараа дамжуулан авах аж. Малчин өрх тус бүрд 245 мянган төгрөг ногдох юм байна.
Г.ДАРЬ