Нислэгийн өндөр ба хурдыг тодорхойлох агаарын даралтын хэмжүүр Питийн гуурс гэх төхөөрөмж хөлдсөн байсан нь тогтоогдлоо. Үүний дараа онгоц өндрөө алдаж эхэлснийг нисгэгчид нь мэдээгүй ажээ. Хөлөг онгоц Рио-де-Жанейрогоос Парист нисэж байсан урт нислэг байсан учраас онгоц хөөрснөөс хойш багийн ахмад 52 настай Марк Дюбуа жолоодлогоо 32 настай Пьер-Седрик Боненд дамжуулаад унтахаар явсан байв. Бонен туршлага багатай, 2900 цагийн нислэгтэй хүн байсан гэнэ. Дюбуагийн нислэг 11 мянган цагтай байсан ажээ. Онгоцонд Дюбуагийн эхнэр Изабель, дөрөв ба найман настай хоёр хүү нь байсан гэнэ. Гурав дахь нисгэгч нь 6,5 мянган цагийн нислэгтэй, 37 настай Давид Робер байв.
Ахмадыг явснаас таван минутын дараа багийнханд онгоц турбулентын бүсэд орж байгааг сануулжээ. Үүнээс дөрвөн минутын дараа автомат нислэгийн төхөөрөмж, автомат таталцаа ажилгүй болон онгоц унаж буй түгшүүрийн дохио ажилласан байв. Гэвч нисгэгчид түүнийг анзаарсангүй. Байн байн тасалдах дохио тэднийг төөрөгдүүлж байсан бололтой хэмээн илтгэлд тэмдэглэсэн байв. Сүүлийн удаа түгшүүрийн дохио 57 секундын турш ажилласан байлаа.
Эцсийн дөрвөн минутад нь онгоцны далавч нь уналтыг барьж чадахгүй аэродинамикийн уналтад оржээ. Нисгэгчид уналтыг зогсоохоор онгоцны хошууг өргөхөөр оролдсон байв. Үүнийг журмын дагуу доош буулгах ёстой байсан гэнэ. Жолооны ард тэр үеэр Робер байжээ. Тэд байдал бишидсэнийг мэдээд ахмадыг сэрээсэн боловч оройтжээ. Онгоц секундын 180 метрийн хурдтайгаар усанд унав. Тэр нь онгоцонд байсан бүгдэд үхлийн мөргөлт болсон байна.
Илтгэлд тэмдэглэснээр бүхээгт үлдсэн нисгэгчид хурдын заалтын төхөөрөмж найдваргүй ажиллах үеэр хэрхэн хөдлөх, мөн өндөрт гар жолоодлогын дасгал сургуулилалтгүй байсан гэнэ. Air France компани нисгэгч нарыг буруутгах талаар яарахгүй байхыг мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад нисэхийн баг буруутай байсан нь ослын шалтгаан гэж ярих ёсгүй хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Францын нисэхийн ослыг мөрдөх BEA агентлаг өөрийн ээлжинд тэдний тайлан албан ёсны яллагаа биш хэмээн онцлов. Уг ослоор амь үрэгдэгсдийн 50 хүний цогцсыг энэ жилийн эхээр далайн ёроолоос гарган авсан байв. Дараагийн нэг сард нь өөр 104 цогцсыг гарган Францад хүргэн авчирсан байлаа. Бусад амь үрэгдэгсдийн цогцос нь олдоогүй өнгөрчээ.