Эцэс төгсгөлгүй хөврөх хүн төрөлхтний амьдрал эгэл жирийн, элдэв хачин түүхээр баялаг. Магтан бахадмаар, шимшрэн уйлмаар, харуусан гасалмаар, жигшин зэвүүцмээр бодит явдлуудаар түүхийн хуудас зузаардаг.
Энэ мэт сонин түүхийн нэг гэрч нь Лина Медина гэх эмэгтэй юм. Таван настайдаа хүүхэд төрүүлсэн тэрбээр өдгөө 85 настай, Перуд амьдардаг аж.
1939 онд Линаг таван настай байхад гэдэс нь шалтгаангүйгээр томорч, өөрөө түүндээ ихэд зовуурилах болсон тул эцэг, эх нь эмчид ханджээ. Эмч түүний хэвлийд том хэмжээтэй хавдар ургасан гэдэгт итгэлтэй байсан ч хэд хэдэн шинжилгээ хийсний эцэст долоон сарын жирэмсэн болохыг нь тогтоосон байна. Түүнээс хойш хэдэн долоо хоногийн дараа Лина эрүүл саруул хүү төрүүлжээ.
Тэр цагаас хойш бараг 80 жил өнгөрөхөд Лина хүн төрөлхтний түүхэнд хамгийн залуудаа ээж болсон хачин жигтэй тохиолдлын эзэн хэвээр байна.
Лина 1933 онд Перугийн Андес дахь жижиг тосгонд ядруухан аж төрдөг гэр бүлд мэндэлжээ. Улмаар 1939 оны тавдугаар сарын 14-нд зургаан нас хараахан хүрээгүй байхдаа хүүгээ төрүүлсэн байна. Бие нь дэндүү жаахан, аарцагны яс нь хүүхэд төрүүлэх хэмжээнд хөгжөөгүй байсан тул эмч нар кесар хагалгаагаар төрүүлжээ. Хүү 2,7 кг жинтэй төрсөн бөгөөд Лина эх баригч эмчийн нэрээр хүүгээ Жерардо хэмээн нэрлэсэн байна.
Жерардог төрөх үед эмч нар Лина охины бэлгийн хөгжил нас биед хүрсэн хүнийх шиг боловсорч гүйцсэн болохыг мэджээ. Линаг эцэг нь хүчирхийлсэн гэгддэг бөгөөд хожим түүнийг баривчилсан байна.
Гэвч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр цагдаа нар түүнийг суллажээ. Өдийг хүртэл Жерардо хүүгийн эцэг хэн болох нь тогтоогдоогүй гэнэ.
Өсөж томрохын хэрээр Жерардо хүү Линаг өөрийнхөө эгч гэж боддог байсан бөгөөд 10 настайд нь түүнд үнэнийг хэлжээ.
Жерардо эрүүл саруул өсөн торнисон боловч 1979 онд 40 насандаа ясны өвчнөөр нас баржээ. Таван настайдаа жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн талаараа огт ам нээж байгаагүй Лина өдгөө 85 настай, амьд сэрүүн байдаг. Тэр 1970-аад онд Раул гэх эртэй гэрлэж, удалгүй хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна.
Түүний энэ хачирхалтай түүхийг зарим нь худал цуу яриа гэдэг боловч рентген зураг, элдэв төрлийн шинжилгээгээр Лина үнэхээр таван настай жирэмсэлсэн гэдгийг эмч нар баталсан байдаг аж.
С.ЦЭЛМЭГ