Хятад vs АНУ: Цахим ертөнцийн ”хүйтэн дайн”

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Хятад vs АНУ: Цахим ертөнцийн ”хүйтэн дайн”

2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр. Дэлхийн бүх веб сайтуудын мэдээллийн урсгалын 15 хувь нь өөрчлөгдөж, хэсэг хугацаанд доголдов. Хэргийн гол эзэн нь Хятадын төрийн мэдлийн ChinaTelecom компани байжээ.

Тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн бүх интернэт сүлжээний сервер рүү нэвтэрч, 18 минутын хугацаанд саатуулсан юм. Энэ нь авто замын хяналтын системд хүртэл нөлөөлж өндөр хөгжилтэй орнуудын авто замууд хэсэг хугацаанд “түгжирсэн” билээ. Олон нийт үүнийг жирийн л нэг замын түгжрэл гэж харж байсан ч үнэндээ энэ нь Хятадын кибер халдлага гэдгийг мэдээгүй байсан юм. Хэрэг гарсны дараа жил АНУ-ын Эдийн засгийн хяналт шинжилгээний хорооноос “Манай талын бүх эдийн засгийн мэдээлэл “блоклогдсон” байсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн тухай мэдээллүүд бүгд хэн нэгний компьютер рүү хуулагдсан байсан” гэдэг мэдээлэл хийсэн билээ.

Угтаа АНУ-ын цэргийн болон төрийн чухал, чухал сайт руу хакердсан байсан бөгөөд Сенат, Холбооны мөр­дөх товчоо, Тагнуулын төв газар, Ца­гаан ордон, Пентагоны бүх мэдээлэл ямар нэгэн хэмжээгээр “хэн нэгний” гарт орсон байлаа. Мөн АНУ-ын төдий­гүй дэлхийн томоохон компаниуд бо­лох Dell, Yahoo, Microsoft, IBM ком­панийн цахим хаяг руу хакердсан бө­гөөд бүх хэрэгтэй мэдээлэл, тэр ч бүүхэл хувьцааны индексэд нь хүр­тэл нөлөөлжээ. Энэ бүх хэргийн учиг нь Хятад байх юм гэж хэн ч сана­сангүй. Хятадын засгийн газрын орол­цоо­тойгоор явагдсан олон улс руу “хакерд­сан” анхны ажиллагаа нь энэ байж.

АНУ-ын Тагнуулын  төв газрын мөрдлөгийн үр дүнд дайралт хийсэн өдрийн Cisco компанийн хувьцааны үйл ажиллагаанд хүртэл нөлөөлсөн гэдэг нь батлагдав. Хөрөнгийн зах зээлд болж буй бүх ажиллагаа компьютерт суурилагдсан байдаг тул Хятадын дайралт тусгай сүлжээ рүү нь хүртэл нэвтэрсэн байна. 2008-2009 оны Google, Juniper Networks, Adobe Systems зэрэг компанийн дотоод мэдээлэл болон хувьцааны индексэд нь хүртэл нэвтэрч өөрсдөдөө хэрэгтэй гэсэн бүх мэдээллээ Хятад улс авч чаджээ. Тухайлбал Google компанийн хайлтын системийн сервер рүү нэвтрэн Хятадтай холбоотой сэдвүүдээс хамгийн эрэлттэйг нь олсон бөгөөд чухам үүнээс шалтгаалж Хятад улсад Google-ыг “хаасан” билээ.
Өнгөрөгч зургадугаар сард АНУ-ын ард иргэд дунд ихээр тархсан Gmail-ийн хэрэглэгчдийн компьютерт нэгэн доголдол илэрсэн бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газрын мөрдлөгийн явцад Хятад улсаас хэрэгжүүлсэн “хакер дайралт”-ын нэгэн хэсэг болохыг нь тогтоожээ. Хамгаалалтын ажилтнуудын мэдээлж буйгаар Хятадын засгийн газрын оролцоотойгоор дээрх бүх дайралтыг нарийн төлөвлөгөөний дагуу хийж байгааг нь нотолсон байна. “Энэ бол олон нийтээс нууцлаад байх асуудал биш. Хятадын дайралт гэдгийг бид олж тогтоосон. Үнэндээ энэ нь саяхнаас гарч байгаа хэрэг биш юм. 10 жилийн өмнөөс л тэд ийм үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед энэ нь засгийн газрын нууцлахыг хүсдэг ганц зүйл нь байсан юм” гэж Үндэсний хамгаалалтын газрын мэргэжилтэн Прескот Винтер мэдэгдсэн юм.

Хятадын засгийн газрын санхүүжилт, нөлөөтэйгөөр явуулдаг байсан энэ цахим дайралтыг Бээжин дэх газар доор орших нэгэн нууц газраас хийдэг байжээ. Мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйгаар Хятадын засгийн газрын төлөвлөсний дагуу АНУ-ын төрийн болон хувийн томоохон байгууллагуудын цахим хуудас болон дотоод сүлжээ рүү нь халдаж, хэрэгтэй мэдээллээ цуглуулдаг байсан аж. “Тэд АНУ-д тулгамдаад байгаа асуудал, тулгарч болох зүйлс, тухайн компаниудын үйл ажиллагааны чиглэл, засгийн газрын бодлого төлөвлөлт зэргийг мэддэг байж” хэмээн Нортроп Груман гэх Үндэсний цахим дайралтын эсрэг хяналтын хорооны ажилтан мэдэгдэж байна.

Хятадын хувьд энэ дайралт нь маш урт хугацааны үндэсний хэмжээний хөтөлбөр байсан аж. Гол зорилго АНУ-ын Хятадад хандаж буй хандлага, тулгарч байгаа асуудлууд томоохон корпорациудын үйл ажиллагааны чиглэлийг мэдэхэд зориулагдаж байж. 2007 онд Үндэсний хамгаалалтын албаны мэргэжилтнүүд АНУ-ын засгийн газрын агентлагуудын сүлжээнд 10-20 терабайтын доголдол гарсан байхыг олж илрүүлжээ. Мөн АНУ-ын Конгрессын номын сангийн мэдээлэл агуулсан хуудсанд ийм хэмжээний доголдол гарсан байж.

Бас нэг сонирхол татаж байгаа мэдээлэл гэвэл АНУ-ын цэрэг, батлан хамгаалах салбарын цахим хуудас руу 2006 онд л гэхэд зургаан сая гаруй удаа халджээ. Засгийн газрын нэгэн мэргэжилтний нотолж байгаагаар өнгөрөгч гуравдугаар сард Пентагоны цахим хуудас руу нь 24000 гаруй удаа халдсан аж. Тэдний ингэж халдах болсон шалтгаан нь АНУ-ын улс төрийн болон тагнуулын бодлого, сансрын хөтөлбөр, батлан хамгаалах салбарын гол бодлогыг мэдэхэд оршиж байжээ.

Хятад улс засгийн газрынхаа хэм­жээнд иймэрхүү цахим халдлагыг хийж болоод байхад яагаад жирийн ир­гэдийнхээ интернэт хэрэглэх эрхэд нь халддаг юм бэ гэсэн асуултыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Харин компьютерийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Хятад улсад одоогийн байдлаар компьютер болон цахим, ин­тер­нэт ертөнцийг хамгаалах тогтолцоо сул байгаа учраас өөрийн улсыг цахим дайралтад өртүүлэхгүй байх ганц арга нь энэ ажээ. “Бид одоогоор ганцхан зүйлд л бурхандаа талархах хэрэгтэй. Хэрэв тэд цахим вирусыг илгээсэн бол дэлхий тэр аяараа үймэх байсан. Бүх компанийн үйл ажиллагаа доголдож хөрөнгийн зах зээл тэр аяараа ганхах байсан юм” гэж Иллумини цахим хамгаалалтын пүүсийн тэргүүн Дейв Аттел хэлж байна.

Ямар ч байсан үзэл суртлаараа хол ялгарах хоёр их гүрний тэмцэл ийнхүү цахим ертөнцөд хурцадмал байдалд байна. Орчин цагийн хүйтэн дайн нэгэнт эхэлжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж