Израиль даяар үнийн хэт өсөлт үргэлжилсээр байна | News.MN

Израиль даяар үнийн хэт өсөлт үргэлжилсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Израиль даяар үнийн хэт өсөлт үргэлжилсээр байна

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Израиль улсад орон сууцны үнэ хэт өсч, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсч байгаа нь Израилийн иргэдийг бухимдуулж мянга мянган хүн үүнийг эсэргүүцэн өнгөрөгч бямба гаригт Иерусалимд бослого зохион байгуулжээ. Бослогыг зохион байгуулагчид хэт их өсч байгаа орон сууцны үнийг бууруулахыг шаардаж байгаа бөгөөд хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх үнээр нь байлгахыг хүсч байгаа юм. Тус улсын эдийн засагчид хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон байр, орон сууцны үнэ өсч байгаа нь Израилийн эдийн засагт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, баян хоосны ялгааг улам бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа ажээ.

Тел-Авив болон Иерусалимд жагсаж байгаа жагсагчид “Ажлын байрыг нэмэгдүүл”, “Хөдөлмөрлөсний эцэст гудамжинд”, “Бидний амьдралыг устгахаа боль” зэрэг үгсийг барьсан байв. Угтаа энэ асуудлыг хэрхэн шийдэх нь Израилийн засгийн газрын “толгойны өвчин” болоод байгаа бөгөөд эдийн засгийн шинэчлэлийн бодлого нь хэтэрхий удаан боловсруулагдаж байгаа юм. Израилийн төрийн ажилтны сарын дундаж цалин 2,500 ам.доллар бөгөөд хувийн байгууллагын ажилтнууд 2000 ам.долларын цалин авдаг ажээ. Харин байр орон сууцны үнэ нэг метр квадрат нь 1000 доллар буюу 100 мянгаас 350 мянган ам.доллар болж өссөн байна.

 Б.БОЛОРСҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж