Гранатын тэслэгч дэлбэрч, цэрэг гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

Гранатын тэслэгч дэлбэрч, цэрэг гэмтжээ

Байлдагч Х-ийн нүдэнд гурван үе шаттай хагалгаа хийх шаардлагатай байгаа аж. Эхний удаад өвчтөний хоёр нүдний шархыг цэвэрлэж, хэд хэдэн оёдол тавих хүнд хагалгаа хийжээ.

Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн хэрэг өнгөрсөн Мягмар гаригт буюу энэ сарын 14-ны өдөр гарсан байна. Гэмтсэн цэрэгт Орхон аймгийн түргэний эмч нар яаралтай тусламж үзүүлэн оройн 20.00 цагийн орчимд нийслэлд авчиран Цэргийн госпиталийн төв эмнэлэгт хэвтүүлсэн байна. Өвчтөнийг пүрэв гаригт Улсын нэгдүгээр төв эмнэлэг  /УНТЭ/-рүү шилжүүлж, хоёр нүдэнд нь хагалгаа хийжээ. Хагалгаа гурван цаг орчим үргэлжилсний эцэст, мэс засал амжилттай болсныг УНТЭ-ийн нүдний их эмч н.Энхзул ярилаа.

УНТЭ-ийн Нүд судлалын тасаг /байлдагч Х-ийн хагалгааны дараа/

Цэрэг залуугийн баруун нүдний гэрлийн бүрхүүл цоорсон байна. Түүнийг нь мэс заслаар нөхжээ. Одоогоор өвчтөний хоёр нүд бүрэн эдгэж, хараа орох эсэхийг хэлэхэд эрт байгааг эмч хэллээ. Хоёрдугаар сарын 20-ны даваа гаригт байлдагч Х-г “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлж, зүүн нүдэнд нь хагалгаа хийлгүүлэх гэнэ.

Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын байцаагч, 186 дугаар ангийн хуульч нарын хамтарсан хэргийн газрын эхний үзлэгээр байлдагч гар гранатын тэслэгчийн аюулгүй ажиллагааг хангалгүй, шууд хамаагүй оролдсон нь дэлбэрэх шалтгаан болсныг эх сурвалж хэлэв.

Гранат юунаас болж дэлбэрэв

Болсон явдлыг тодруулахад байлдагч Х нь хоёрдугаар сарын 14-ний өдөр ангидаа гар гранатаар сургуулилт хийж байжээ. Энэ үед гранатын тэслэгч дэлбэрч, цэргийн зүүн гарын гурван хуруу түлэгдэж, хоёр нүд нь хүндээр гэмтсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр хэрэгт Орхон аймгийн Цагдаагийн газар эрүү үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

Байлдагч Х нь өнгөрсөн намрын цэрэг татлагаар Архангай аймгийн Булган сумаас Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хуваарилагдан ирсэн байна. Осол гарсан даруйд тус цэргийн ангийн дарга Зэвсэгт хүчний жанжин штаб руу шуурхай мэдээлж, цэргийн ар гэрийнхнийг хот руу шууд дууджээ. Осолдсон цэргийн эмчилгээ, эцэг эхийнх нь ирж очих зардлыг эхний ээлжид харьяа цэргийн ангиас гаргаж буйг Б.Ганбаатар дарга дуулгалаа

Өмнө нь цэргийн анги байгууллагуудад гар гранат дэлбэрсэн осол гарч байгаагүйг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлж байна.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж