Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хоёрдугаар сарын 5-наас эхлэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглож байгаа. Тус жүжиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан яруу найрагч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяа нарын бүтээл юм. Театрын уран бүтээлчид хуваарийн дагуу хоёрдугаар сарын 18-ны өдөр хоёр тоглох юм. Монгол ардын аман зохиол, үлгэрийг сэргээсэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг эрэлттэй байгаа учир маргааш 11.00 цагаас нэмэлтээр тоглохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 18-ны өдөр гурван удаа буюу 11.00, 13.00, 15.00 цагуудаас дараалан тоглох юм байна.
“Царцаа Намжил” жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч Б.Хишигзаяа хэлэхдээ "Өнөөдөр хүүхдийн ардын аман зохиолыг маш бага мэддэг болжээ. Тэд үлгэр мэдэхээ больжээ. Гадаадын олон хэлээр ярьж байна. Өмссөн хувцсаас нь эхлээд харахад гадаад хэв маяг хэдийнэ оржээ. Энэ үлгэр өөрөө маш олон утга санааг илэрхийлдэг. Энд маш олон ардын үлгэрүүд уялдаж, жүжгийн хэлэх санааг гаргаж өгсөн. Зөвхөн “Царцаа Намжил” үлгэрээс гадна өөр хоёр ардын үлгэр орсон байгаа. Зохиолоо би анх бичиж эхэлсэн ч надад тусламж хэрэгтэй байлаа. Тиймээс яруу найрагч Я.Баяраад энэ жүжиг дээр хамтран санал тавьж, бүтээл маань бэлэн болсон. Би уг театрын уран бүтээлчидтэйгээ дахин хамтарч байгаад талархаж байна. Энэ хүүхдийн жүжигт залуучуудаас гадна ахмад уран бүтээлчид тоглож байгаад талархлаа." гэсэн юм.
“ЦАРЦАА НАМЖИЛ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ
/2017.02.05-ны өдрөөс эхлэн өдөр бүр 13.00, 15.00 цагаас/
- Зохиолч: Я.Баяраа, Б.Хишигзаяа /СТА/
- Найруулагч: Б.Хишигзаяа /СТА/
- Зураач Л.Цэрэндулам
- Хөгжмийн зохиолч: Б.Цацрал /СТА/
- Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/
- Хөгжмийн найруулагч: Я.Батсайхан /СТА/
- Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг /СТА/
- Туслах найруулагч: Э.Идэрболд /СТА/
ДҮРҮҮДЭД:
- Царцаа Намжил – Б.Золжаргал
- Номын багш – С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
- Банди нар – О.Итгэл, Р.Адъяабаатар, Т.Сэргэлэн, Г.Очирбат
- Хэрээ – Б.Одончимэг /СТА/
- Тогос – Ц.Аззаяа
- Сүүлгүй хулгана – Б.Шинэбаяр
- Хулгана – Б.Жаргалсайхан, Д.Асардарь
- Муур – Э.Тодгэрэл /СТА/
- Тэмээ – Ц.Төгсбилэгт
- Буга – Г.Алтангэрэл
- Согоо – Г.Номуун
- Эрлэг номун хаан – П.Цэрэндагва /АЖ/, Ж.Пүрэвдорж //СТА/
- Хатан – Ж.Оюундарь /МУГЖ/
- Түшмэл – А.Чингүн, Г.Ганбат
- Эмгэн шивэгчин – Б.Золзаяа тус тус тоглож байна.
Тоглолтын тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, Үнэгүй хүргэлт 1900-1800-аар худалдаалж байна.
Ч.БОЛ