УИХ-ын гишүүд амарч, спикер орон нутагт ажилласан энэ үеэр Улсын ерөнхий прокуророос УИХ-д нэгэн шаардлагыг хүргүүлсэн юм. Шаардлагад “УИХ-ын гишүүн Д.Дондогийн эрхийг түдгэлзүүлэх тухай прокуророос удаа дараа өгсөн саналыг УИХ яагаад хуулийн хугацаанд нь хэлэлцэн хариу ирүүлэхгүй байгаа талаар тайлбараа албан ёсоор ирүүлэх”-ийг шаарджээ.
УИХ-ын гишүүн Д.Дондог таван тэрбум шахуу төгрөгийн хохиролтой залилангийн гэмт хэрэгт холбогдоод байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан түүнийг шалгахын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УЕП-оос өнгөрөгч зургадаар сард УИХ-д ирүүлсэн юм. Гэвч УИХ уг асуудлыг авч хэлэлцээгүй. Харин түүний оронд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн “Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй. УИХ-ын гишүүн гэмт хэргийн үйлдэл дээрээ баривчлагдсан тохиолдолд л зөвхөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуультай” гэдэг хариултыг хэвлэлээр дамжуулан өгсөн билээ.
Харин Ерөнхий прокурорын газраас Д.Дондог гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх саналаа гурав дахь удаагаа хүргүүлсний дараа Д.Одбаяр гишүүн “Д.Дондог гишүүний асуудлыг хоёр хоногийн дотор хэлэлцэн хариуг нь өгнө” гэсэн боловч хаврын чуулган завсарласнаас хойш уг асуудал албан бусаар хаагдсан гэж болно. Гэвч Ерөнхий прокрор нэхэл хатуутай загнаж, УИХ-ын удирдлага Д.Дондог гишүүний асуудлаар албан ёсны хариултаа ирүүлэхийг дахин шаардсан. Чуулган завсарласан, гишүүд эзгүй тул өнгөрсөн долоо хоногт түүнд хариу өгөх нэг ч хүн гарсангүй.Уг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих, түүнийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь бүгд хуулийн хугацаатай. Гэвч хууль тогтоодог хүмүүс хуулийг биелүүлэх албагүй гэдэг үнэн юм байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд өнгөрөгч долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд болон БНХАУ-ын “Chinalco”, Японы “Itochu”, “Mitsui”, БНСУ-ын “Koreas” компаниудтай гэрээ байгуулан, Тавантолгойн ордын нүүрсийг экспортлох гэрээнд гарын үсэг зурцгаалаа.
“Эрдэнэс Тавантолгой” компани “Chinalco”-той экспортын гэрээг байгуулснаар 250 сая ам.доллар буюу Оюутолгойн ордоос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсантай тэнцэхүйц хэмжээний урьдчилгаа төлбөр авч, урьдчилгаа төлбөрөө төлж дуусах хүртэл хугацаанд олборлосон нүүрсээ тус компанийн охин компани болох “Chalco” компанид худалдаалах үүргийг хүлээж байгаа юм байна. Харин “Chalco”-гийн хувьд манайхаас импортолсон нүүрснийхээ 70 хувийг өөрийн зах зээл дээр, үлдсэн 30 хувийг Япон болон БНСУ-ын зах зээлд нийлүүлэх үүрэг хүлээжээ. Монголын тал урьдчилгаа төлбөрөө төлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрсээ “Chalco” компанид дэлхийн зах зээлийн үнээр худалдаалах гэнэ. Урьдчилгаа төлбөрт авсан 250 сая ам.долларыг төлж дуусах хугацаа 1-1,5 жил байна гэсэн тооцоог “Эрдэнэс Монгол” компанийнхан хийж байна.
Энэ бол Тавантолгойн ордын Зүүн цанхи буюу 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшилд олборлолт явуулж буй бүлэг орд. Харин Баруун цанхийн хувьд байдал маргаантай хэвээр байна.
Өнгөрөгч долдугаар сарын 2-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, одоо ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа Засгийн газрын ажлын хэсгээс боловсруулсан төсөл уг ордын хувь заяаг шийдэх юм. ҮАБЗ-ийн ажлын алба, шинжээчдийн зүгээс Засгийн газраас боловсруулсан уг төслийг өнгөрөгч оны аравдугаар сард ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг билүүлээгүй, дутуу дулимаг хийгдсэн зүйл хэмээн дүгнэж, энэ хэвээр нь Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх боломжгүй тул Засгийн газраас нэмэлт материал гаргуулахаар ажиллаж байгаа гэсэн билээ.
Харин Засгийн газар, ажлын хэсгийг төлөөлж буй ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар сайдын хувьд өөр байр суурьтай байна. Тэд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоол нь угаасаа дотроо зөрчилтэй, бүрхэг заалтууд байснаас Засгийн газар хэлэлцээрийг эдгээр баримт бичгүүдэд нийцүүлэхийн тулд хүнд бэрх замыг туулж, хугацаа алдсан гэдгийг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын 37 дугаар тогтоолд Тавантолгойн Баруун цанхийг хэсэгчлэн хуваах бус, бүхэлд нэг консерциумд ашиглуулахээр гэрээ хийхийг шаардсан бол ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжид “Монгол Улсын мөнхийн хоёр хөрш хийгээд гурав дахь хөршүүдийг ашиг сонирхлыг тэнцүү хангах байдлаар “геополитикийн ач холбогдол бүхий” гэрээ хийхийг сануулсан байдаг. Үүний ч улмаас Засгийн газар Тавантолгойд оролцогч компаниудыг цөөлөн Хятад, ОХУ, АНУ гэсэн гурван улсын консериумыг сонгож, Япон, Солонгосын хувьд дээрх сонгогдсон компаниудтай өөрсдөө тусдаа хэлэлцээр хийг хэмээн орхисон нь одоо ирж хэл ам татлаад байгаа.
Анзаарвал, Тавантолгойн ордын ашиглалт буюу Баруун цанхид оролцогч талуудын сонгон шалгаруулалт болон хөрөнгө оруулалтын гэрээн дээр Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн санал зөрүүтэй байгаа бололтой. Тэд энэ хэвээр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зөрчилдсөөр байвал уг асуудал мөддөө шийдэгдэхгүй. Түүний оронд ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг дор суугаад өнгөрсөн хугацаанд буруу ташаа ойлголцож ирсэн зарим зүйл дээрээ яриа хэлэлцүүлэг өрнүүлэх нь илүү үр ашигтай байх нь тодорхой. Гэвч сүүлийн нэг сарын дотор нэг дор суухаа болиод байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын завсар чөлөөгүй зөрөлдөн орон нутагт ажиллаж байгаа байдал ч бас л дургүйд хүчгүй гэдэг болоод байгаа юм биш үү?
Жил тойрон шалгагдсан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын асуудлаар Английн шүүх шийдвэрээ өнгөрөгч долоо хоногт гаргаж, түүнийг ХБНГУ-д хүлээлгэн өгөхөөр болов. Түүнийг 2003 онд Франц, Белги, Герман улсуудаар дамжуулан хүн хулгайлсных нь төлөө Европын холбоо “Персона нон грата” буюу тааламжгүй этгээдийн ангиалалд оруулж, тухайн улсуудын хилийг давсан тохиолдолд нэн даруй баривчлах хүмүүсийн жагсаалтад бүртгээд байсан аж. Уг хэрэг 2004 оны сонгуулийн өмнө болсон бөгөөд тухайн үед Б.Хурц Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаярын даалгавраар “С.Зоригийн хэргийн сэжигтнийг баривчилж ирэхээр” явсан гэдэг. Харин хулгайлагдаж ирсэн Д.Энхбат нь уг хэрэгт холбоотой нь нотлогдоогүй бөгөөд мөн л нэг “татвараас зугтсан” энэ тэр гэх ялих шалихгүй зүйл ангиар яллагдаж байгаад уушгины хатгалгаагаар шоронд амьсгал хураасан билээ. Дараа нь түүний өмгөөлөгч Д.Санжаасүрэн хурандаа тагнуулынхан үйлчлүүлэгчийг нь баривчлахдаа олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчин хүн хулгайлах замаар авчирсан болохыг нийтэд зарлаж, Франц, Белги, Германы талаас “хүн хулгайлсан этгээдүүдийг орогнуулж, ЭСЯ-андаа байрлуулан зөөвөрлүүлсэн Элчин сайд нараа нэн даруй татахыг Монголын талд тулгасан билээ.
Харин тэр үеийн Засгийн газрын тэргүүн өөрийн томилж явуулсан дотнын нөхдөө эвгүй байдалд оруулахгүйн төлөөнөө Элчин сайд нарт бус хариуцлага тооцох бус, гүйцэтгэх үйл ажиллагааг гардан явуулсан дөрвөн тагнуулчийнхаа нэрийг Европын холбоонд гаргаж өгснөөр хэрэг хаагдсан гэдэг. Урьд аль ч улс орон үүрэг гүйцэтгэж явсан тагнуулч нараа илчилж байсан ийм тохиолдол байхгүй л гэдэг юм билээ, үнэ худлыг хэн мэдлээ.
Одоо ч гэсэн Б.Хурцыг баривчлах ажлыг зохион байгуулсан гол буруутан гэгдээд байгаа Их Британиас манай улсад сууж байсан Элчин сайд ноён Диксоныг “Б.Хурцын айлчлалыг санаатайгаар зохион байгуулж, тагнуулынханд мэдээлэл өгсөн, дипломат ёс зөрчсөн” гэх мэтээр манай зүгээс буруутгаж л байна. Гэвч Британичууд ямар ч байсан тагнуулуудааа Монголын талд “барьж өгөөгүй”, харин оронд нь Элчин сайдаа шуудхан татсан биз дээ. Ноён Диксон ч бас олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүн хулгайлсан гэмт хэрэгтнийг барьж өгөөд албаа өгсөн хэрэг. Тэр ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын Лондонд хийх ажлын айлчлалыг зохион байгуулж, түүнийг тус улсын Аюулгүй байдлын хороооны даргатай уулзуулахаар төлөвлөж, энэ талаарх мэдээллээ Б.Хурцыг “Хитроу” онгоцны буудалд буух нислэгийн хуваарийн хамт тус улсын тусгай албадад дамжуулсан юм.
Харин манайхан яасан билээ дээ. Үүрэг гүйцэтгэсэн тагнуулуудынхаа нэрийг нь зарлачихаад, үүрэг өгсөн дарга нь, түүнд оролцсон дипломатууд нь ч эсэн мэнд үлдсэн байдаг.
Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс одоо хүртэл шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Монголын Засгийн газар олон улсын шүүхэд хандах болно хэмээн мэдэгдсээр байгаа. Гэвч хууль бол хууль, тэр тусмаа Англид, Тэгэхээр бид Лондоны шүүхийн шийдвэрийг шүүхээсээ илүү Монголдоо “шүүх ажиллагаа” явуулах ёстой юм биш үү. Үүрэг гүйцэтгэсэн Б.Хурцыг уу, түүнийг илчилсэн Н.Энхбаярыг уу?