Оюун санааны түншээс олон талт харилцаа руу

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Оюун санааны түншээс олон талт харилцаа руу

Энэтхэгийн Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Монгол Улсад төрийн айлчлал хийж гурав хоноод “Хөх тэнгэрийн оронд гэртээ байгаа мэт саатлаа” гэсэн сэтгэгдэлтэйгээр эх нутгийн зүг хөлгийн жолоо залав.

Эртнээс Энэтхэг, Монгол хоёр орон оюун санаа, шашин, соёлоороо түншилж ирсэн. Жагарын орны зүг лам хуврагууд буяны мөр хөөж, Бурхны орны соёл, суртахуун Монголд идээшин монголчуудын зан үйлд  нэвтэрсний ул мөр одоо ч арилаагүй. Дэлхийн энэ олон улс гүрэн дотроос чухам Энэтхэгийг л ариун бурхны орон гэж монголчууд олон зуун жил сүсэглэж ирсэн. Бас эртний Торгоны замаар Жагар, Монгол хоёр орон холбогдож байсан улбаа бий. Тийм эртний харилцаат орны Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтайн төрийн айлчлал ч элгэмсүү дотно уур амьсгалд болж өнгөрлөө. Нэг нэгээ давах гэсэн, эрх сүрийг харуулах гэсэн, дээр дорын ялгаа мэдрэгдсэн, эсвэл нэг тал ашиг сонирхлоо тулгасан, битүү хатуу дохио зангаа агуулсан янз янзын л айлчлал болдог. Харин Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлал үнэхээр эрт дээрийн оюун санааны улбаат түншүүдийн бие биеэ хүндэтгэсэн, дорнын тахимдуу зөөлөн, албархаг биш шинж дор болж өнгөрөв.

Дэлхийд тэрбум илүү хүн амтай хоёрхон орон бий. Хоёулаа Ази тивийнх, хоёулаа Монголын эртний хөрш, түншүүд. Тэр олон хүнтэй нүсэр гүрнүүдийн нэг болох Энэтхэгийг дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хатагтай Пратибха Девисингх Патил толгойлж байна. Хатагтай Пратибха Девисингх Патил илүү үг нуршдаггүй, үйл явц бүрт дор бүр нь эмэгтэй хүний торгон ухаан шингэсэн үнэлэлт дүгнэлт хийдэг болох нь анзаарагдсан. Монгол уул уурхайн орон болох гараан дээр ирсэн нь гаднын олон айлчин гийчнийг даллах болсны бас нэг илрэл нь энэхүү айлчлал байв гэж хэлж ч болно.

Баримт  бичгүүдэд гарын үсэг зурав

Эрхэм хатагтай БНСУ-д төрийн айлчлал хийгээд бараа бологч 96 хүний хамт долдугаар сарын 27-ны орой  төрийн айлчлал хийхээр Монголд ирсэн юм. Түүнийг албан ёсоор хүндэтгэн угтах ёслол 28-ны өглөө Сүхбаатарын талбайд эхэлж, төрийн хүндэт харуул, ижил хонгор зүсмийн морь унасан эртний баатрын өмсгөлтэй дайчид жагсч, угтан авсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Энэтхэгийн Ерөнхийлөгч, түүний нөхрийг угтаж, монгол үндэсний хувцастай охин, хүү хоёр цэцгийн баглаа барьсан юм. Хүндэт зочныг албаны хүмүүстэй мэндчилж байхад бороо орж, айлчлал хуртай эхэлсэн. Айлчлалын үеэр нар, хур ээлжилж, Монгол нутгийн зуны өнгийг бүгдийг харуулав. Ерөнхийдөө сэрүүн өдрүүд таарсан тул хатагтайн бараа бологсод ноосон алчуур нөмөрцгөөж, “Өвлийн хувцсандаа орсон шүү” хэмээн  наргицгааж байв.

Хоёр орон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр Иж бүрэн түншлэлийн харилцааны шатанд харилцаагаа хүргэхээр тохиролцсон. Энэ удаагийн хариу айлчлалаар түүнийгээ баталгаажуулах олон бодитой ажил эхлүүллээ. Энэтхэг орон манай гурав дахь хөрш орнуудын нэг гэдгийг энд бас дурдах ёстой. Цаашдаа стратегийн түншийн харилцаанд хоёр орон хүрэхэд ойрхон байна гэдгийг айлчлалын үед албаныхан хэлцгээж байв.

Айлчлалаар гурван баримт бичигт онцгойлон гарын үсэг зурцгаалаа. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Энэтхэгийн Төлөвлөгөөний комисс хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт албаны хүмүүс гарын үсэг зурсан юм. Айлчлалын үеэр хоёр тал харилцан сэтгүүлч, сурвалжлагч солилцож бие биеийн ахуй, зан заншилтай танилцуулан сурвалжлага, сурталчилгаа хийлгэхийг онцгойлон анхаарлаа. Түүний баталгаа болгож Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид солилцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэхээр боллоо. Бас Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдах залуусыг жилд 150-д хүргэхээр шийдвэрлэснээ мөн мэдэгдсэн юм. Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх гээд боловсролын салбарт хоёр тал хамтран ажиллахаар боллоо.

Визийг таван жилээр сунгав

Монголын олон залуу лам хувраг Энэтхэгт, тэр дундаа Далай багшийн дэргэд шавилан суудаг. Хоёр зуу илүү монгол хувраг жил болгон визээ сунгуулах гэж явдал, чирэгдэл болдог байжээ. Харин энэ удаа тэдэнд таван жилийн хугацаагаар виз олгодог болсныг зарлаж бурхан, буяны ажилдаа сэтгэл хоёрдолгүй шамдах нөхцөлийг бүрдүүлэв. Нийтдээ Монгол Улсын 500 орчим иргэн Энэтхэгт байнга оршин суудаг байна. Үүнээс гадна Энэтхэг улс дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлдэг. Энэ чиглэлээр Монголд бүхий л талын дэмжлэг үзүүлж,  Монгол-Энэтхэгийн Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн хамтарсан төвийг Улаанбаатарт байгуулахад зориулж 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой

Айлчлалын үеэр хоёр талын хамтарсан бизнес форум хийсэн нь харилцан түншээ ололцож хөрөнгө оруулалт нэмэгдүүл нэг алхам боллоо. Гангийн үйлдвэр, ураны салбар, хими, эмийн үйлдвэр, аялал жуулчлал, нүүрс, боловсрол, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хөрөнгө оруулж, Улаанбаатар-Делийн чиглэлд шууд агаарын зам нээх сонирхолтой байгаагаа Энэтхэгийн тал илэрхийллээ.

Бизнес форумд оролцсон энэтхэгчүүд газар нутаг хол, шууд холбогдох зам харгуй тааруугаас болж Монголд хөрөнгө оруулалт чамлалттай хийж байгааг хэлцгээж байсан. Энэтхэгийн 30 компани Монголд 1990-2010 оны хооронд долоон сая 527 мянган ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийжээ. Дорвитойгоос нь дурдвал Энэтхэгийн “Жиндал Стиил энд Пауэр” компанийн салбар говьд ураны хайгуулын хоёр лиценз, “Лайт воркс” компани Шарын голд алтны жижиг ордын лиценз эзэмшиж байна. Өнгөрсөн оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 17,6 сая ам.доллар, гадаад худалдааны баланс 16,1 сая ам.долларт хүрчээ. Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байгаа энэ цагт хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх ёстойг бизнес форумын үеэр тэмдэглэж байв. Ойрын жилүүдэд Монголд бий болж байгаа уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 2013 он гэхэд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон болно гэсэн таамаглалд хүргэжээ. Дэлхийн банкны судалгаагаар 2013 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 22,9 хувьд хүрэхээр гарсным Энэтхэгийн Ерөнхийлөгч “гайхамшиг” хэмээн нэрлэж байв. Басхүү энэ гайхамшгаас Энэтхэгийн бизнесийн хүрээнийхэн санаа авах ёстойг сануулав. Монголд алт, зэс, ураны их нөөц байгаа нь Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулах бололцоо олгож байгааг ч онцлов.  Энэтхэгийн тал Монголоос нүүрс, зэс, ноолуур, ноос, хувцас, арьс шир, хайлуур жонш, өнгөт металл авч, уул уурхай, эмийн үйлдвэр, автомашины эд анги, төмрийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд барьж болно гэж үздэгээ илэрхийллээ.

Гандантэгчинлэн, Бэтүб хийдэд ч “гарын” бэлэгтэй

Аялал жуулчлал, соёл, мэдээллийн технологи, боловсрол, электрон засаглал, олон нийтийн хэвлэл мэдээлэл, үзвэр үйлчилгээ, эмчилгээ, эрүүл мэндийн салбарт харилцах өргөн бололцоо ч байгаа юм. Шашны харилцаа холбоо ч урьдын адил үргэлжилнэ. Хатагтай Ерөнхийлөгч айлчлалынхаа төгсгөлд Гандантэгчинлэн, Бэтүб Данжай Чойнхорлин хийдүүдэд морилж тус бүрт нь автобус бэлэглэв. Басхүү хүрд эргүүлэн бурханд мөргөж, сүсэгтнүүдтэй гар даллан мэндчилж Бурхны орны төлөөлөгч гэдгээ харууллаа.

Энэ мэтээр дурдвал Энэтхэгийн Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр талын харилцаа оюун санааны түншээс олон талт харилцаа руу шилжиж, нүүрс, уран, зэс, алтны арилжаагаар эртний Торгон замын улбааг  тодруулахаар боллоо.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж