Ираны Керманшах хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд боллоо. 2015 оны ДАШТ-д оролцсон амжилтаараа шалгарсан шилдэг найман баг энэхүү тэмцээнд оролцсон юм. Уг тэмцээнд олимп, дэлхийн медальт олон тамирчид ирсэн бөгөөд оны анхны том тэмцээн гэдгээрээ анхаарлын төвд байлаа.
МОНГОЛЫН БАГ ИРЭХ ЖИЛ ДАХИН “ДЭЛХИЙН ЦОМ”-Д БАРИЛДАНА
"Дэлхийн цом"-ын “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан. Манай баг хэсэгтээ Энэтхэгийг хожсон ч Турк, Иранд дийлдсэн. Улмаар V байрын төлөө ОХУ-ын багтай барилдаж, ялагдал хүлээсэн юм. Ирантай барилдсан барилдаанд Б.Батмагнай /65 кг/, ОХУ-тай барилдахад Г.Мандахнаран /70 кг/ нар цорын ганц ялалтыг авсан.
Энэ удаагийн “Дэлхийн цом”-д Ираны шигшээ баг түрүүлж, АНУ, Азарбайжан мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Мөн манай хэсэгт багтсан Турк дөрөвдүгээр байрт орсон бол ОХУ, Монгол удаалав. Эхний зургаад орсон багууд ирэх жилийн “Дэлхий цом”-д өрсөлдөх юм. Харин Гүрж, Энэтхэг VII, VIII байрт орлоо.
1973 оноос эхлэн жил болгон зохиогдож ирсэн “Дэлхийн цом” тэмцээнд оролцох багууд ДАШТ-ээс тодордог. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д эхний 10-т шалгарсан багууд “Дэлхийн цом”-д уригддаг билээ.
Манай эрэгтэй баг “Дэлхийн цом”-оос 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 1986, 2002 онд дөрөвдүгээр байрт шалгарч байсан түүхтэй.
ИРАНЧУУДЫН ШҮТЭЭН ЖОРДАН БАРРОУС
Энэ жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд олон алдартай тамирчид очсон ч тэдний дундаас АНУ-ын нэрт тамирчин Жордан Барроусыг онцолж байна. 2012 оны олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн Жордан Барроус “Лондон 2016” наадамд IX байрт орж, медальгүй буцаж байсан. Энэ жил 28 настай нэрт тамирчин хэр баргийн тэмцээнд оролцоод байдаггүй билээ. Иранд болох “Дэлхийн цом”-ын тэмцээн Трампын гаргасан шийдвэр спортод нөлөөлж чадаагүй харуулаад авсан. Тэр дундаа АНУ-аас олон шилдэг тамирчид Иранд очсон бөгөөд Жордан Барроус багтсан нь фэнүүдийнх нь хувьд томоохон бэлэг байлаа. Бөхөд хайртай Ираны ард түмэн түүнийг хүндэтгэн угтан авсан. Барроусыг барилдах бүрд тэд уухиалан дэмжиж байлаа. Энэхүү тэмцээний нэгэн баатар яахын аргагүй Жордан Барроус байсан юм.
Тэрбээр Иранд ирсэн сэтгэгдлээ хуваалцжээ. “Ираны хотууд надад үнэхээр таалагдлаа. Манай Засгийн газраас лалын орнуудад зорчих аялал, жуулчлалыг хориглож байгаад сэтгэл дундуур байна. Энд ямар ч айдас мэдэрсэнгүй” гэсэн байна.
АНУ-ын баг тамирчид Иранаас сэтгэгдэл өндөр буцжээ. Тэд бямба гаригт Тегеран хотоос буцахдаа Ираны фэнүүддээ хоол идэх зуураа баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ч.БОЛОР