Уртын дуу, хөөмий гээд уламжлалт өв соёлынхоо патентыг урд хөршдөө алдаад дууссан манайхан үндэсний бөхөө Юнескод бүртгүүлэхийн тулд 4000 бөх нэг дор барилдуулах хэрэгтэй болсон юм гэнэ лээ. Өвөрмонголчууд өмнө нь 2000 бөх барилдуулж манай 1024 бөхийн рекордыг эвдсэн тул сум бүрээс 10 бөх авчирч байж тэдний амжилтыг эвдэн, урд нь гишгэхээр болсон гэсэн. Харин энэ жилийн олон ой давхацсан урт удаан наадмуудыг нэгтгээд дүнг нь гаргадагсан бол манайх лав дэлхийн рекордыг хэд нугалахаар болов.
Өнгөрсөн жил Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойгоор Хөвсгөл аймагт түрүү бөх, морины бай шагнал 40 сая төгрөг хүрч байсан бол энэ жил 100 саяас давлаа. Дундговьчууд аймаг байгуулагдсаныхаа 70 жилийн ойг нижгэр хийж, түрүүлсэн зургаан насны мориндоо зургаан ширхэг “Ланд 200” өгч байна лээ. Нутгийн бизнесэн “Мон Уран”-ы Наранхүү оччихсон, улсад зургаа түрүүлсэн шарга азарганыхаа хөшөөг аймгийн төвд босгоод л /нээрээ энэ чинь байн байн газрын асуудал, банкны өртэй холбогдож, аавын хаалга татчих шахан эрэн сурвалжлагдаад байдаг нөхөр арай биш биз/. Хотод нүдний гэм болоод байгаа УГЖ, дуучин С.Жавхлан тэр наадамд нь оччихсон “Амгалан төрийн ажнай шарга” нэртэй бүтэн оройн тоглолт зохион байгуулаад л. АЖ А.Энхтайван Чингис Богдын дүрээр заларч, ган тулганд нь гал асаагаад л.
Хөндлөнгөөс нь харсан бусад аймгийнхан атаархаахдаа “Манай ой ч гэсэн Дундговийн дайны болсон шүү” хэмээн шүлсээ гүд гүд залгих жишээтэй. Дуу хууртай, хурдтай, айрагтай сайхан л нутаг юм. Гэвч бүхэл бүтэн 70 жил хөгжиж байгаа энэ аймагт тэгш ойн баяраар ямар бүтээн байгуулалт өрнөж, Дундговьчууд өөрсдөө юутай үлдсэн юм бол доо.
Чингүнжавын 300 жилийг ойг нэг тэрбум төгрөгөөр /тэрийг нь бас С.Баяр Ерөнхий сайд байхдаа улсын төсвөөс батлуулсан гэж байгаа/ тэмдэглэсэн Хөвсгөлчүүд лав өнгөрсөн жил аймгйн төвдөө 360 төгрөгөөр нэг хөшөө босгуулж аваад гайхай явган, нохой нүцгэн үлдсэн дээ, хөөрхий. Дундговьчууд ч бас Наранхүүгийн шарга азаргын хөшөөтэй л үлдэж байгаа юм шиг байна. Баянхонгорчууд энэ жил бас далан жилийн ойгоо тэмдэглэв. Аймаг байгуулагдсаны ойг угтаж, 14 тэрбум төгрөгөөр “их бүтээн байгуулалтын” ажил өрнүүлснээс ашгүй ойн өмнө нэг хөшөө, нэжгээд усан оргилуур ашиглалтад өгсөн гэнэ лээ. “Талыг там болтол” нааддаг түүхт ойнуудаас нутгийн ард олонд үлддэг хаялганы ханш нь нэг иймэрхүү л. Нэг нэг хөшөө, нэжгээд усан оргилуур. Морь бөхийн бай шагналыг бол угаасаа бүсийн наадам хэсээд гаршсан хэдэн уяачид л аваад явчихна.
Харин хөдөөнийхөн хэзээний гүндүүгүй, уужим зангаараа “Наадам сайхан боллоо” гээд л тогоонынхоо ёроолыг хусаад үлдэж байгаа юм. Монголчуудыг наадам, цагаан сар хоёргүйгээр төсөөлөх аргагүй гэдэг үнэн юм. Ийм болтол хөгжүүлж чадсан ганц “брэнд” нь юм чинь.
Уг нь аймгуудын наадамд зориулж улсны төсвөөс 20, 20 сая төгрөг өгсөн юм гэнэ лээ. Харин тэгш ойтой аймгуудын наадмын төсөв улсын баяр наадмаас ч хол давж /90 жилийн ойг 1,3 тэрбумаар хийсэн/, улсын наадмын түрүүн моринд таван сая төгрөг өгч байхад Дундговьчууд 100 сая, улсын наадмын түрүү бөхийг 15 саяар байлж байхад Өмнөговьчууд барьцаад бас 15 сая хүргэх жишээтэй. “Хаанаас энэ их мөнгө гараад байна аа?” гэж гайхахаар Засаг дарга нар нь “Нутгийн олноосоо хандив цуглуулсны хүчинд сайхан наадлаа” гэж аархана. Ер нь энэ аймгуудад энэ жилээс төсөв татаас өгч, өвөлд өвс тэжээл зөөж байхаа боливол яасан юм. Нутгийн олноосоо цуглуулахад хотын биднээс илүү болгоод байх юм биш үү?