Эзэнгүйдэж, эзлэгдсэн Туул

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

Эзэнгүйдэж, эзлэгдсэн Туул

Хатан Туул минь явсаар байгаад хамгаалж хаацайлах эзэн ч үгүй болов бололтой. Дуртай нэг нь Туулын хөвөөнөө өрх гэрийн бууриа дугуйлахад болохгүй гэх газаргүй болох нь. Яг хөвөөнөө амьдран сууж, тохинох юм бол эзэн хамгаалагч гэгч нэгэн гарч ирэн, бөөн хууль дүрэм ярьж сүржигнэцгээх л байх. Гэтэл бүхэл бүтэн орон сууцны хороолол тус голын дэнжнээ Яармагийн гүүр­нээс залган сүндэрлээд жил гаруйн нүүрийг үзэж байхад тоож байгаа ч хүн алга.

Уг нь бол өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын нэр бүхий гишүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газ­­рын мэргэжилтнүүдийн хамт сүр дуулиан болгон хэвлэл мэ­дээл­­­­лийнхнийг дагуулаад тус хо­роол­­лын барилгыг шалгаж, “барилгын хог хаягдлаар далан бос­госон, бас бус стандарт хан­гаагүй” гэдэг үндэс­лэлээр үйл ажил­лагааг нь зогсоосон удаатай. Гэтэл урин дулааны улиралд өнөө барилгын ажил ид өрнөж байгаа нь хачирхалтай. Хэн гэгч хүний зөвшөөрлөөр үйл ажиллагаа нь үргэлжлээд байгааг холбогдох албаныхан ихээхэн нууцалж байна.

Засгийн газраас 2008 оноос гэр хорооллын иргэдийн орон сууц­жуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын захын хороол­луудын ашиг­лаагүй байгаа газарт барилга орон сууц барихаар Яар­магийн авто замын хойд талд Өмнөд Солонгосын “Лэнд корпорэйшн” компанийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн хийц заг­вар бүхий “Яармаг хотхон”-ы барилгын ажил ч өрнөсөн түүхтэй. Жил ирэх тусам хаяагаа тэлэн Туулын хөвөө тийш довтлох тус барилгын компанийн үйл ажиллагааг сонирхохоор очтол хаалттай хаалга л угтлаа.  Дарга гарсан, мэдэх хүн алга гэсэн хамгаалагчдын хариултаас өөр тайлбар олдсонгүй.
Цааш хүрээлсэн цэнхэр төмөр хашаа тойрч алхсан ч хөл гүйцэхгүй том талбай. Хэн гэгч энэ барилгын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг өгсөн талаар тодруулахад нийслэлийн Газрын албаны хэвлэлийн төлөөлөгч н.Ганбилэг “Нийслэлийн газрын алба­наас тус газарт зөвшөөрөл өгөөгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас асуу” гэх хариултыг өгсөн бол БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдагын газрын дарга А.Намхай нь “Туул орчмын бүс нутаг тусгай хамгаалалтад багтдаггүй учраас манайд хамаарахгүй” гэснээр асуудал бүрхэг болоод явчихлаа.

Энэ мэтээр өөр хоорондоо чихэл­цэж, хэн ч зөвшөөрөл өгөөгүй газар дээр эзэмшил тогтоосон тус барилгын компанийн үйл ажиллагаа энэ хэвээр үргэлжлээд байх нь зөв үү…

Голын хоёр талд ухаад орхисон нүх яах нь тодорхойгүй энэ хавраас хойш өдийг хүрлээ. Яармагийн гүүр­ний наахна талд Туулын хоёр эрэгт нүх ухаад хэдийн сар болоход өнөөдөр л юу хийх нь тодорхой болж байх шиг. Цаад эрэгт хэсэг хүмүүс багана цутгах ажлыг усан дотор, бас эрэг дагуу хийж байхтай таарсан ч голын наана, цаанаас хэл амаа олоход хүндрэлтэй байлаа. Гэсэн хэдий ч орон сууцны дулаан, халаалтын шугам сүлжээг Туул гол дээгүүр явуулахын тулд усан дотор багана цутгах ажлыг хийж байгаа гэдгийг ямар ч байсан мэдэж авлаа.

Энэ бүхнээс голын бохирдолд оруу­лах хувь нэмэр багагүй нь мэдээж. Ажлын багийнхан адаглаад идэж уусан хогоо бургасны ёроолоор нэг хөглөрүүлж, цемент, шохойн уут хаа сайгүй харагдана. Саяхан болсон баяр наадмын үеэр л гэхэд Туулын усан дотор ухсан нүхэнд хоёр хүүхэд осолдох шахсан гэнэ. Ухсан даруйдаа энэ газарт улаан хүрээ татсан ч хэд хоногийн ус бороо, салхинд хийсч хэн ч мэдэхгүй цүнхээлд бага насны хүүхэд эндэхээ шахсан гэхээр тус барилгын компани, шугам сүлжээний барилгын ажилчдын ямар хариуцлагагүйг илтгэж байх шиг.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн н.Занданбал “Энэ хавраас хойш урд дэнж дээрх барил­гын компанийн хашаа улам тэлээд байгаа. Хүн байтугай мал ойртоход л хөөж туудаг болсон. Шөнийн цагаар хаядаг юмуу, өглөө болгон л машинаар нь хаясан барилгын хог энэ хавьд бий болсон байдаг” гэх мэтийн тус барилгын компанитай холбоотой яриа хөөрөө дэлгэж байв. Дээрх иргэний байр суурьтай адил хүн тус хороонд олон гэнэ.

Энэ зуны хувьд Туул гол усны төвшин их, нөгөө талаар бохирдолтой ч холбоотой юу эрэг орчмоор сэрүүцэх хүмүүсийн бараа Яармаг орчимд бага гэмээр. Харин хоёр салаалж урсах голын дунд орон сууцны шинээр баригдаж буй хотхоноос холгүйхэн хэд хэдэн өрмийн машин Туулын хөрсөнд хошуугаа зоож, дөрөв таван гэр дугуйлж тухалсан байх шиг. Урсгал ус туулж, цаад эрэг гарч чадахгүйгээс хойш хаанахын хэний зөвшөөрлөөр газрын гүний өрөмдлөг хийгээд байгаа талаар Усны газраас тодруулахад “Энэ онд хийж буй судалгаанд Яармагийн гүүрнээс баруун тийш Туул голын орчимд өрөмдлөг хийхээр төлөвлөсөн ажил байхгүй. Яармагийн дэнж дээрх орон сууцны хотхон барьж буй компаниас л хийж байгаа ажил байх” гэсэн тайлбарыг өглөө.

Тэдний иймэрхүү “хулгайн замаар” хийж буй орон сууцжуулах ажил Туул голын хувь заяаг хааш нь эргүүлэх гээд байна гэх хардлагыг төрүүлж орхив. Мөн Яармагийн авто замын урдхан талд барилгын ажил нь эхэлсэн Эко сургууль, Арцатын аман дахь хашаалсан 30 га газар, Нүхтийн ам дагасан бүхэл бүтэн хороолол гээд Богд хан уул, хатан Туул минь эзэнгүйдэж, эзлэгдээд эхэлчихэж. Хол­богдох албаны удирдах ажилтан нь энэ байдалд учраа алдсан бай­далтай буйгаа нуухгүй байгаа нь тусгай хамгаалалт бүхий газар нутагт га­зар олголт хавтгайрч байгааг илтгэнэ.

Газар олгох нь яах вэ гэхэд байгаль экологийн тэнцвэрт байдал хүн амьдарч, суурьшсан бүс нутагт ямар болдгийн тод жишээг хаа сайгүй харж болно. Энэ мэтээр хэсэгхэн газар нутгийн байдлыг ажиглахад байдал ийм байгаа нь цааш ямаршуухан үргэлжилж байгааг илтгээд өгөх шиг.


Д.ДОЛГОР
 
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж