Өөрсдийн армитай байхыг Европарламент дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

Өөрсдийн армитай байхыг Европарламент дэмжлээ

Бельгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ги Верхофстадтын санал болгосон Европын холбоог улам батжуулах зорилгоор Европын холбооны Сангийн сайдын албан тушаалыг бий болгох, мөн нэгдсэн армитай байх саналыг Европарламент өчигдөр /2017.02.17/ дэмжлээ. Парламентын 283 гишүүн дэмжиж, 269 нь эсрэг санал өгч, 83 нь түдгэлзсэн байна.

Европарламентын энэ шийдвэр нь Европын холбооны цаашдын шинэчлэлийн эхлэл болно гэж зарим ажиглагч үзэж байна.

Санал гаргасан Бельгийн улстөрч Европын холбоо нь ямар ч асуудлаар олонхын саналыг дагах ёстой, эргэлзэж, түдгэлзэж байгаа зарим орны саналыг хүлээх хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа юм. Олонхоороо шийдсэн асуудлыг хэрэгжүүлэхээс татгалзсан улсыг гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ байж болно гэж Ги Верхофстадт үзэж байгаа юм.

Энэ жил Европын холбооны гол гишүүн орнуудад сонгууль явагдах товтой байгаа учраас холбоог шинэчлэх асуудлыг гаргаж тавих болоогүй хэмээн зарим хүн үзэж байгаагийн нэг нь Еврокомиссийн дэд Ерөнхийлөгч Франс Тиммерманс юм.

Энэ жил Франц, Герман, Нидерландад сонгуультай бөгөөд урьдчилсан байдлыг харахад популист хандлага бүхий улстөрчид сонгогдох магадал өндөр байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж