-Манай улс дөрвөн жилд нэг удаа уст цэгээ тоолдог. Энэ жилийн тухайд тооллогын явц ямаршуухан байна, нэгдсэн дүн хэдийнээс гарах вэ?
-Тооллого хэвийн үргэлжилж байгаа. Мэдээж жил ирэх тусам ач холбогдол, зорилго нь өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болно. 2003, 2007 онд эхний тооллогуудыг хийхдээ ерөнхийдөө ширгэсэн үү, үгүй юу гэдгийг л хардаг байсан бол харин одоо ямар бодлого илүү явуулах ёстой юм бэ гэдэг талаас нь анхаарч байгаа. Энэ жилийн тооллогын дүнгийн гол онцлог нь урьд нь тоолж байсан тоо хэмжээтэй харьцуулаад тоологод хамрагдсан уст цэгүүдийг гол, горхины аль ангилалд нь оруулах вэ гэдгийг нарийн тооцож байна. Ялангуяа говийн, тал хээрийн бүсэд гол нэртэй мөртлөө байнгын урсацгүй газрууд зөндөө байна. Бороо орохоор урсдаг, бусад үед байнгын урсацгүй. Тэдгээрийг байнгын урсацтай нь тэр, байнгын урсацгүй нь энэ, ширгэсэн нь тэр ширгээгүй нь энэ гэх мэтээр ангилна. Цаад агуулга нь гол мөрний хамгаалалт. Хуурай сайрт хамгаалалтын бүс тогтоох уу, үгүй юу гэхчлэн. Тооллогын дүнд гол гэж тогтоогдсон тохиолдолд хамгаалалтын бүс тогтооно, үгүй бол тогтоохгүй гэхчлэн эдийн засгийн үндэслэл, цаад агуулгыг тодорхойлох нь тооллогын нэгдүгээр зорилго. Яг одоогийн байдлаар хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт тооллого хийж дууслаа.Тус аймагт ажилласан ажлын хэсэг хараахан ирээгүй байна. Гэхдээ утсаар тооллого дууслаа гэдгийг мэдэгдсэн.
Тооллогын ажиллагаа гэдэг маань урьдаас бэлтгэж гаргаж өгсөн уст цэг, худгууд дээр очоод бөглөх материалууд. Ирэх сарын нэгэн гэхэд материалуудыг хүлээлгэж өгч, тайлангаа хийж дуусгана. Харин ирэх сарын 1-нээс Улаанбаатар хот орчмын тооллогын ажил эхэлнэ, 1-2 долоо хоногт тооллогоо хийж дуусгаад цаашид боловсруулалт хийх ажилдаа орно.
-Ямар боловсруулалт хийдэг юм, хэр хугацаа орох вэ?
-Нэг суманд тоолж байсан хүн нөгөө талаас нь тоолох, хоёр гурван аймгаар дамжиж урсдаг голыг давхардуулан тоолох, эсвэл нэг талдаа тасарсан гол нөгөө газраа урсаж байх жишээтэйгээр дүн тус бүрт зөрүү гардаг. Нэг тооллогоор Завхан гол ширгэсэн байхад, нөгөө талд ширгээгүй гээд гарчихсан байдаг. Гэхдээ энэ жилийн тухайд Завхан гол ширгээгүй л дээ. Энэ бүхнийг нэгтгэх, зарим газруудад жижиг голуудыг өөр өөрөөр нэрлэх гээд зөрүүтэй байдаг. Жишээлбэл, хүмүүс Сэлбэ гол, Дунд голыг хоёр өөр гол гэж ойлгоод байдаг, гэтэл энэ чинь Сэлбэ гол дугуйраад баруун тийш салаалсан байдаг. Түүнийг нь манайхан Дунд гол гээд нэрлэдэг гэх мэт жишээ олон. Энэ мэтийг улс орон даяар нэгтгэж гаргаж ирнэ гэдэг айхтар техник шаардахгүй ч гэлээ анхаарал болоод цаг хугацаа шаардсан ажил. Дараагийн хийгдэх ёстой том ажил бол усны тооллогын нэгдсэн дүн гараад ирэхийн хэрд сансраас авсан зурагтай харьцуулах ажлыг төлөвлөөд байгаа. Сансраас авсан зураг хамгийн багадаа 200-100 метрийн нарийвчлалтай байдаг учраас жижиг голуудыг байхгүй гэж гаргасан байдаг. Ер нь бол усны тооллогын явц сайн байгаа.
-Энэ жилийн тооллогын онцлог юу вэ?
-Урьд урьдаас илүү эрчтэй хийгдэж байгаа ажил бол худгийн тооллого. Ерөнхийдөө тооллогод явж буй хүмүүст өгөгдсөн чиглэл ёсоор бүх газруудын худаг дээр байгаа моторын хүчин чадалтай нь хамтатгаж гаргаж ирж байгаа. Манайхан худаг гаргаад, түүн дээр хүчтэй мотор суулгах юм бол их ус гарна гэж ойлгоод байдаг. Гэтэл аливаа юм чинь өөрийнхөө хүчин чадлаар байх ёстой. Жишээлбэл, 30 метрийн гүнтэй худаг байхад айхтар том мотор тавьчих юм бол тэр дор нь усыг нь шавхаад, цаашдаа усгүй байх нь цөөнгүй. Үүнийг гаргаж ирэх үүднээс бүх газруудад худаг тоолж байгаа. Ялангуяа үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлээр Улаанбаатар хот орчмын судалгаа, шинжилгээг сайтар хийх үүрэгт өгсөн байгаа.
-Уул уурхайн компаниуд гол усыг бохирдуулж байна гэдгийг иргэд өдөр тутам ярьж байна. Тэдгээр голуудад бохирдлын судалгаа хийгдэж байгаа юу?
-Худгууд дээр чанарын судалгаа хийх гэж оролдож байгаа. Одоогоор яг нарийвчилсан дүн гараагүй болохоор хэлэх боломжгүй. Голын буюу гадаргын усан дээр нарийн шинжилгээ хийх боломж тааруу байгаа. Яг нэг цэг дээр бохирдсон байдаггүй. Тооллогын ажлын хэсэг голыг дагаад яваад байх боломжгүй учраас нэг цэгээс авахад бохирдол нь бага гардаг. Дээж авсан цэгээс арван километрийн дээр буюу доор бохирдол байхыг үгүйсгэх аргагүй учраас тэр бүхэнд хүрч ажиллахад хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ тооллогоор ажилласан ажилтнууд найман чанарын үзүүлэлтээр багажаар шалгаж үзсэн байгаа. Тухайн тооллого хийж байгаа мэргэжлийн хүмүүс маань тооллогын явцад сэжигтэй, бохирдлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд анхан шатны багажаараа хэмжилт хийгээд, шаардлагатай гэж үзвэл дээжийг нь Улаанбаатарт авчирч, шинжлэх ёстой. Түрүүчээсээ дээж ирсэн байгаа. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Туул голыг бохирдолтой гэж яриад байгаа. Гэтэл саяны ирүүлсэн нэг, хоёр дээжээс харахад Төв аймгийн нутгаас авсан бохирдлын хэмжээ төдийлөн өндөр биш гарч байна. Энэ нь Туул гол сайхан болчихлоо гэсэн үг биш. Ойрын үед бууж буй хур тунадастай холбоотойгоор урсацын хэмжээ нэмэгдснээр бохирдлоо багасгаад байна гэсэн үг. Нөгөө талаас зун болоод ирэхийн үест Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарч буй бохирдолтой усны хэмжээ ч багасдаг. Учир нь, арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа энэ үед багасдагтай холбоотой.
Усны бохирдлыг манайхан байнга нэг хэвийн байдаг юм шиг ойлгодог. Тооллогын явцад хэчнээн оролдсон ч гэсэн саяны хэлсэн шалтгаан нөхцөлүүдийн улмаас Монгол Улсын хэмжээнд усны бохирдлыг бүрэн тодорхойлно гэдэг бас л учир дутагдалтай. Яг тооллого хийх үед бохирдолгүй, үер устай ч байлаа ч гэсэн хийсний маргааш бохирдол үүсэхгүй гэх газаргүй. Ер нь усны бохирдлын хяналтыг гүний, гадаргын усан дээр ч адилхан байнгын харуул, байнгын нэгжийг бий болгож байж багасгаж чадна.
-Уул уурхайн компаниуд гол усыг бохирдуулсан нь тогтоогдвол харицлага хүлээлгэх хууль эрх зүйн зохицуулалт манайд бий юу?
-Яг одоогийн байдлаар хариуцлага тооцно гэхээр “Байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн харицлага хүлээнэ” гэсэн заалт байдаг. Хэдийгээр энэ заалт байгаа хэдий боловч хууль зүйн үүднээс аваад үзэх юм бол энэ заалт нь эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг хэн нэгэн хүн эмнэлэгт хэвтсэн, гэмтсэн байх шаардагатай учраас хохирол тооцоход хүнд болчихоод байна. Юун эдийн засгийн хохирол байтугай эрүүл мэндэд хохирол учруулсан уу гэхэд тодорхойлоход хүнд байхад. Мэдээж хэчнээн бохирдолтой байсан ч гэлээ уунгуутаа хордоно, үхнэ гэж байхгүй. Тодорхой хугацааны дараа өвдөнө, тухайн үед нь шинжилгээ хийж байж голын уснаас болсон уу, үгүй юу гэдгийг тогтооно гэдэг хэцүү. Яг усны бохирдолтой холбоотойгоор хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс манайд ерөөсөө байхгүй. Үүнийг хуулинд нэлээд нарийвчилж тусгах ёстой. Энэ талаар сүүлийн гурван жил ярьж байж, овоо бодит биеллээ олох гээд явж байгаа нэг ажил бол бохирдуулагчийн төлөх зарчмыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад, яамдад танилцуулж байгаа. Ирэх намраас Засгийн газар хэлэлцээд өргөн барьж батлуулвал, Усны тухай хуулийн хамтаар Усны бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдах болов уу гэж бодож байна. Тэгэхээр ус бохирдуулсны төлбөрийг батлаад, Засгийн газраас төлбөрийнх нь хэмжээг тогтоож, төлбөр тавигдаад ирэхээр аж ахуйн нэгж, байгууллагууд төдий хэмжээний төлбөр төлөх ёстой гэх мэт асуудлууд ургаж гараад, бохирдлын хэмжээ тогтоогдоод эхэлнэ. Төлбөр авахийн тулд нэгдүгээрт төлбөр авахад мөнгө орж ирнэ, хоёдугаарт төлбөрийг авахын тулд тодорхой шинэ орон тоог бий болгох хэрэгтэй. Энэ нь заавал шинэ орон тоо гаргахдаа биш, гол маань эзэнтэй болох юм. Тэдгээр нь байнгын шинжилгээ судалгаа хийдэг байх ёстой. Манайх чинь арван жил ярьсны эцэст агаарын бохирдлыг тогтоох агаарын чанарын байцаагчтай боллоо, түүнтэй адил усны байцаагч гэж нэрлэхгүй л байх л даа.
-Бохирдлыг тогтоох хууль нь батлагдаад, мэргэжилтэн нь гарч судалгаа хийх гэсээр байтал гол горхи ширгэх, хүн хордох аюулууд цаг хугацааг хүлээхгүй шүү дээ?
-Мэдээж энэ тал дээр яарахаас өөр аргагүй. Усны газраас энэ тал дээр байдаг чадлаараа яарч байна. Гэхдээ нэг зүйлийг манай ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллагуудын үндсэн үүрэг бол хууль хэрэгжүүлэх. Хууль хэрэгтэй гэж үзвэл батлах нь хууль тогтоогчдын үүрэг. Тухайлбал, сая УИХ-ын хаврын чуулганаар байгаль орчинтой холбоотой хэчнээн олон хууль батлах ёстой байсан билээ. Гэтэл түүнээс хэд нь батлагдав. Юунаас болоод гацав гэдэг олны нүдэн дээр тодорхой л байгаа шүү дээ. Ганцхан хууль батлах гээд хурлаа орхиж гарах, хоёр өөр байр сууриа хамгаалах гэж хоёр тийш харж суусаар байтал цаг хугацаа шаардсан хуулийн төсөл хүлээгдэж байгаа шүү дээ.
-Дэлхийн дулаарал, түүнтэй тэмцэх гээд хэн хүнгүй л ярьж байгаа. Гэтэл сүүлийн үед улс гүрэн усанд автлаа гэх мэдээ өдөр тутамд сонсогдох болсон. Харин манай улсын хувьд усны төвшин урьд жилүүдийнхээс ямар байгаа бол. Цаашид яах бол?
-Дэлхий нийтээр энэ жилийн хувьд үер усны аюул хаа сайгүй байна. Харин ч дэлхийн дулаарал эсрэгээрээ өнөө бидний айгаад байсан цөлжилт, хуурайшлын асуудлууд маань гайгүй өнгөрөх, илаарших шинж тэмдэг ажиглагдаж байна. Гэтэл нөгөө талд Улаанбаатар, ялангуяа төр засаг, орон нутгийн байгууллагууд нь үер усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахгүй байна уу гэх тал анзаарагдаад байна. Энэ жилийн хувьд усны төвшин бусад жилүүдтэй харьцуулахад давах шинжтэй байгаа. Нэг удаагийн юмуу, нэг өдрийн нэлээн ширүүн бороо ороход хаана ч үер болох боломж бүрдэж байна. Түрүүчээсээ л үер болж, гол усанд хүний амь нас үрэгдлээ. Ус гэдэг байхгүй бол нэг аюул, бас ихдээд ирэхээрээ нэг аюул дагуулдаг талтай. Үер ус ихтэй үед нь үерийн хамгаалалт хийж, усны хуримтлал үүсгэх нь бидний амьдралд хэрэгтэй л асуудлуудын нэг. Үер болохоор л хамгаалалт хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Үерийн хамгаалалт нь ус хуримтлуулах бас нэг арга. Ийм учраас л бид төр засагт ч их олон жил ярьлаа, бүр болохгүй болохоор нь гаднын хөрөнгө оруулалт энээ тэрээ гэж явсаар нэг үеэ бодоход ахиад яваа ч гэлээ таны хэлдгээр цаг хугацаа хүлээхгүй нь үнэн.
Жишээлбэл, Завхан голын асуудал. Хоёрхон жилийн өмнө ширгэлээ гэж байсан Завхан гол байнгын үерийн төвшинд байна. Өнөө усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлсэн. Байнгын үерийн төвшинд байна гэдэг нэг талдаа сайн, ингэж үерлэж байж Эрээн нуураа тэжээнэ. Нөгөө талаас Завхан гол их олон гольдирлоор урсдаг учраас үер усны аюул ихтэй. Ерөнхийдөө дүгнээд хэлэх юм бол нийт улсын хэмжээнд зуншлага сайн байнаа гэж яриад байгаа боловч зөвхөн малд идэх өвс байна гэх утга биш. Энэ сайн байгааг угтуулаад усаа хуримтлуулах ёстой, барилга байгууламжаа барьсан байх ёстой атал одоо ямар байгаа билээ.
-Байдраг, Орхон голын эхэн дээр олборлолт хийснээс болж усны бохирдол маш их байгаа талаар орон нутгийнхан хэлж байгаа. Энд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд олборлолт хийх эрхийг Ашигт малтмалын газраас авдаг юм байж. Харин ус ашиглах зөвшөөрлийг танайхаас авсан уу?
-Ус ашиглах мэргэжлийн дүгнэлт гэдэг юмыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэсэн гурван газрын зөвшөөрлөөр уулын ажлын төлөвлөгөө, байгаль орны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах ажлийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийг батлуулж байж авах ёстой. Энэ гурван баримт бичгийг батлуулсны үндсэн дээр Усны газраас ус ашиглах мэргэжлийн дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтийн үндсэн дээр орон нутаг буюу тухайн сумын Засаг дарга нь ус ашиглуулах гэрээ байгуулна. Гэрээний дагуу төлбөрөө авна. Гэхдээ үндсэн дүгнэлтийг гаргахдаа хуулинд зааснаар өдөрт 100 метр кубээс дээш хэмжээний ус ашиглаж байгаа тохиолдолд Усны газар хийнэ. Харин 50-100 мерт куб бол аймаг, 50-иас бага бол сум өөрөө дүгнэлт гаргахаар заасан.
Орхон голыг бохирдуулаад байгаа Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр дээр хамгийн сүүлд гаргасан тоогоор 34 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас Усны газраас дүгнэлт гаргуулсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Ашигт малтмалын ерөнхий газраас шалгалт хийгээд тухайн компаниуд бүгд хууль зөрчиж байна гэдгийг нь тодорхойлоод хаах ёстой гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Хэд хэдэн удаа мэргэжлийн хяналтын газраас хаасан. Гэтэл тухайн орон нутаг нь өөрөө мэдээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь өгсөн байдаг.
-Мөн дээрээс нь үер болонгуут далимдуулж бохирын далангаа сэтэлдэг хэсэг ч бий гэх юм билээ?
-Далангаа сэтэлдэг гэх асуудлууд бий. Үүний цаад талд нь юу яваад байна вэ гэхээр усны асуудал гэдэг аль нэг байгууллагын асуудал огт биш. Дээр нь хэчнээн сайхан байлаа гээд доор нь орон нутгийн байгууллага зөвшөөрөл өгөөд байвал хэрэг алга. Эсвэл доор нь орон нутгийн байгууллага байдгаараа үзээд байдаг, дээрээс нь зөвшөөрөл өгөөд байвал арга байхгүй. Урьд нь доороос орон нутгийн байгууллага нь тэмцээд байхад, дээд удирдлагаас зөвшөөрлийг нь олгоод байсан. Муу хэлээд байгаа урт нэртэй хуулиас шалтгаалаад хуулийн үйлчлэлээр дээрээсээ буюу Засгийн газрын байгууллагуудаас ямар ч байсан зөвшөөрөл олгох эрх зүйн үндэс байхгүй болсон учраас одоо үйл ажиллагаа нь дандаа доороо очиж гацаад байна. Зарим газруудад үндсэндээ уул уурхайн үйл ажиллагаа зогсчихлоо. Уул уурхайн үйл ажиллагаа зогсч байгаа нь Усны газарт тааламжтай байгаа бол улсын төсөв хөрөнгийн бүрдэлтэд ямар байгааг мэдэхгүй байна. Зарим газарт зогссон гээд тайван суух байтал харин ч эсрэгээрээ ажиллаад байгаа. Энэ бол тухайн орон нутагтай зайлшгүй холбоотой.
-Үйл ажиллагааг нь зогсоосон ч нөхөн сэргээлт хийгдээгүй газарт нинжа буюу хувиараа алт олборлогчид гол усыг бохирдуулахад багагүй хувь нэмрээ оруулж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Урьдынхаас илүү нүүр царайгаа хувиргасан бас нэг аюул бол нинжа нар. Нинжа нар аюултай зохион байгуулалтад ороод эхэлчихлээ. Зохион байгуулалт гэдгийг би хаана-хэзээ-хэрхэн яах вэ? гэдэг талаас нь ярьж байна. “За энд хамгаалалт гаргаад эхэллээ” гэнгүүт “одоо тийшээ явна” гэх мэт байдлаар зохион байгуулалтад орчих вуу даа гэх хардлага надад байгаа. Үүн дээр ганцхан л арга байгаа. Энэ бол цэрэг, цагдаагийн хүч. Өөр арга байхгүй. Үнэхээр нинжа гэдгийг байхгүй болгохын төлөө төрөөс бага оврын уурхай байгуулж, ажиллахыг зөвшөөрч байгаа бол нэг газарт л үйл ажиллагаа явуулах ёстой гэж тусгайлан заахгүйгээр хор хохирлыг бууруулж чадахгүй. Гишүүнчлэлийн 50 мянган төгрөгийг нь төлчихвөл хаана ч очоод алт угаагаад явна гэсэн ойлголт байх ёсгүй. Үүн дээр хатуу хяналт тавих ёстой.
-Стратегийн томоохон ордууд болох Оюутолгой, Тавантолгой гэх мэт гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ус ашиглалтын байдлын талаар?
-Эдгээр компаниуд нь ус ашиглалтынхаа мэргэжлийн дүгнэлтийг жил болгон гаргуулаад явж байгаа. Дээрх газруудад орон нутгийн төрийн бус байгууллагуудаас байнгын гомдол, санал ирдэг. Зарим тохиолдолд үндэслэлтэй байдаг ч ихэнх нь үндэслэл муутай. Үүнээс анхаарал татаад байгаа асуудал нь юу вэ гэхээр бидний тогтоож өгсөн хэмжээнд усаа ашиглаж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь хамгийн чухал. Тогтоосон хэмжээнээс их, эсвэл нууцаар ашиглаад байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Манай ард иргэд урт нэртэй богино хуулийн хэрэгжилт энэ хэдэн компаниудад хэрэгжихгүй байна гэдэг. Хуулин дээр стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарна, хамаарахгүй гээд тусгайлан заасан байдаг учраас энэ бүхний ялгаа заагийг ойлгох хэрэгтэй.
-Орон нутгийн иргэд, удирдлага тухайн стратегийн орд газруудад шаардлага тавих эрх зүйн үндэс бий юу. Зарим тохиолдолд танай улсын Засгийн газартай гэрээ хийсэн гэх нэрийдлээр орон нутгийнхны шаардлагыг үл тоох явдал байж л байгаа шүү дээ?
-Ерөнхийдөө эрх зүйн тогтолцооныхоо бүтцийг ч авч үзэх ёстой. Нэгэнт төрийн эрхийг барьж буй УИХ-аас шийдвэр гараад, түүний дагуу Засгийн газраас гэрээ байгуулсан байгаа бол тухайн орон нутаг нь түүнд захирагдаж ажиллах ёстой. Харин тухайн гэрээг нь сайтар судлаад хэрвээ үнэхээр орон нутгийн эрх ашигтай харшилдаж байх юм бол орон нутаг Засгийн газар дотроо асуудлыг ярих ёстой. Гэрээ байгуулсан Засгийн газар тодорхой хэмжээний үүрэг хүлээх ёстой. Гэхдээ тэр гэрээ гэдэг нь бурханы ном гэдэг шиг өөрчлөх ёсгүй зүйл биш. Орон нутгийн эрх зөрчигдөөд, байгаль орчин сүйдээд байгаа учраас ингэж өөрчилье гэд асуудлаа тавих бүрэн үндэстэй.
-Аливаа үйлдвэр, уул уурхай дээр очихоор усыг хэмжээгүй хэрэглэх юмаа. Үүн дээр хяналт тавьж ядаж байгаа юмуу, тухайлбал Бор-Өндөрийн уурхай?
-Бор-Өндөрийн уурхайгаар жишээ татахад өдөрт мянган метр куб ус хэрэглэж байгаа. 1000 куб метр гэдэг чинь 250 цистерн ус. Тэгэхээр энгийн нүдээр харвал зах замбараагүй ус шиг л харагдана. Мөн нөгөөтэйгүүр өнөө усыг яаж ашиглаж байна гэдэгт байгаа. Тухайлбал, Бор-Өндөр гэдэг маань үйлдвэрлэлд ашиглахын тулд гаргаж ирсэн уснаасаа тухайн орон нутгийн иргэдийн ундны усны хэрэглээг хангах гэрээ хийсэн байдаг учраас арай л өөр байр суурийг хангахаас өөр арга байхгүй. Тэд зөвхөн өөрсдийн хэрэглээний усыг ашиглаад байгаа юм биш.
-Орон нутгийн иргэд тэднээс дөрвөн төгрөгөөр усаа худалдаж авч байгаа атлаа уурхай жилд улсын төсөвт 100 сая төгрөгийн ус ашигласны төлбөр төлж байх жишээтэй?
-Энэ бол усны төлбөр төлж байгаа юм биш, зөвхөн үйлчилгээний төлбөр. Энэ бүхний цаад талд нь Усны тухай хуулиа өөрчилъе, энэ хуулиндаа бусад хуулиа адилхан болгоё гээд байдгийн учир зангилаа. Эргээд л усны төлбөр гэсэн сэдэв рүүгээ орох гээд байна л даа. Усны үйлчилгээний төлбөрийг орон нутаг тогтоох хэрэгтэй байна гэж. Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын хууль 2002 онд батлагдсны дагуу орон нутаг нь өөрөө тогтоож байгаа. Тогтоохдоо зардал дээр нь үндэслэл, тооцоо хийх юм. Тэгэхээр дөрвөн төгрөг байлгаад, хуулиар олгосон бүрэн эрхээ эдлээд, тухайн орон нутаг нь өөрөө тогтоосон байхад хэчнээн Засгийн газрын байгууллага ч гэсэн хуулийн дагуу тогтоосон үнэлгээнд оролцох үндэсгүй болоод явчихдаг. Яг үүний цаана ард иргэд оролцооч ээ, усны асуудал хүн бүгдийн асуудал гэдэг утгаараа иргэдийн төлөөлөгчдөөрөө дамжуулж энэ асуудлыг тавих хэрэгтэй гэдгийг энд хэлмээр байна. Нэг асуудал болохгүй болохоор аль нэг уурхай дээр, нэг мод огтоллоо гэхэд дандаа Засгийн газар, Байгаль орчнй яам, Усны газартай хамруулж асуудал болгоод байвал хэзээ ч урагш гишгэхгүй. Яагаад гэхээр энэ өргөн нутаг дэвсгэртэй бидний хувьд хүн бүр хариуцлагатай байх ёстой. Тэр байтугай жижигхэн хот болох Сингапурт хүртэл замын асуудалд төр засаг нь оролцдоггүй. Тэгвэл манайд орон нутаг нь энэ асуудлаа хариуцлага гэдэг үүднээс нь Орхон гол бохирдлоо гэдэг асуудлыг Усны газарт тавьсан дээр үү, эсвэл иргэдээс сонгогдоод дараа жил нь мартчихаад байдаг ИТХ-даа тавьсан дээр үү гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Гэхдээ орон нутаг бүгдийг мэдэх ёстой гээд хаях ёсгүй л дээ. Өмнө хэлж байсан орон нутгийн иргэдийг усаар хангаж байгаа юм чинь яаж ч ашигласан яахав гэдэг сэтгэлгээ тухайн уул уурхайн компаниудад байгаа. Үүний зохицуулалтыг ирэх намрын чуулганаар батлах Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар барьж авах боломж бүрдэх юм.
-Ус бохирдуулсны төлбөр авснаар усны хэрэглээг хянаж, гол усыг хамгаалж чахах уу?
-Бохирдуулсны төлбөр аваад ирэхээр нэгдүгээрт хэрэглэх усаа багасгаж эхэлнэ, хоёрдугаарт усныхаа найрлагад анхаарч эхлэх юм. Харин гуравдугаарт нэгэнт гач байгаа бохир усаа эргэж ашиглах үйл ажиллагаанд шилжинэ. Эрдэнэт, Дархан гэх мэт томоохон үйлдвэрүүд дахин ашиглаж байгаа ч гэсэн хангалттай биш. Хууль батлагдвал үүнээс их хэмжээгээр дахин ашиглах боломжтой болно. Хэрэв ус бохирдуулсны төлбөр аваад эхэлбэл Улаанбаатарын цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг яах вэ гэж толгой өвтгөх шаардлагагүй болно. Жишээлбэл, арьс ширний үйлдвэрүүдээс зүгээр л “бохир усыг чинь авья” гэдэг санал ороод ирнэ. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Эх үүсвэр нь болохоор ус ашигласны төлбөр, адаг нь бохирдуулсны төлбөр. Энэ хоёр төлбөр нийлж байж л гол усыг хамгаална. Манайхны усны төлбөр гээд нэрлээд байгаа үйлчилгээний төлбөр бол гол усыг хамгаалахад тэр болгон зарцуулагдах боломжгүй. Харин шугам хоолойны засварт л зарцуулж байгаа.