ЭХ ХЭЛНИЙХЭЭ ИЛЭРХИЙ ЭМГЭГИЙГ ЭДГЭЭЕ – №44
Би арван настай хүүхдийн дэргэд аав, ээжтэй нь хамт “…Янагийн хөмсгөн уруулаа зүүдэн цаанаа нуугаа юу…” гэж аяллаа.
Гэнэт сонин санагдлаа. Хөмсгөн уруул… хөмсөг шиг уруул… байдаг бил үү?! Хүүхнүүд бид хөмсгөө хараацайн дэвэлт шиг, эсвэл сар шиг хэлбэртэй болгож засдаг. Уруулаа нуух…!? ил байдаг уруулаа нууна гэдэг чинь жимийнэ гэсэн үг үү…? Сонин юм аа! Хэлбэрээрээ лав биш юм байна. Байрлалаар нь үзье. Хөмсөг уруулаас хаа тэр дээр, уруул хамрын доор.Бас л авцалдах юм алга. Уруул бол мах, хөмсөг бол үс. Тэгэхээр сахалтай уруул гэсэн үг. Араас нь зүүд-нойр-шөнө. Эцэст нь нуугаа юу? Нийлээд янагийн сахалтай уруулаа шөнө нуугаа юу…? Пээ, яана аа, иччихлээ …
За, энэ мөрийг хүүхэд лав ойлгохгүй бололтой. Томчууд анзаарвал нэлээд бодож байж ойлгох тойруу утгатай юм байна гээд орхиё. Удалгүй араас нь ил цагаандаа гарсан өөр нэг дуу явлаа…
“…Аль нутгийн бүсгүй вэ чи
Ажил алба чинь хаана вэ
Гар барин танилцах уу даа
Гэр оронд чинь хүргээд өгөх үү дээ…“ гээд нэг шударга нөхөр ярьж байгаа юм шиг дууллаа. Болоогүй,
“Тэврээд авмаар гоолиг төрсөн
Тийм нэгэн бүсгүй еэ чи…” гэнэ.
Хүслээ дийлэлгүй хүчээр хүрч мэдэх нь ээ. Удалгүй “Тавхан минут л хүлээчих дээ!” гэж зандарч, бүүр айлгалаа.
“Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө…, Хөхний чинь товчинд хүрсэн ч биш дээ…, Хааны минь хонгыг минь илээч, Бэйбий минь биеийг минь таалаач…” гэсэн дуунууд явлаа. Аав, ээж нь анзаарсангүй. Айлын хөгжмийг унтраалтай биш… Хэлчихье гэхээр хүүхэд нь суугаад байдаг, яалтай билээ. Ядаж ганц өрөө байр!?… (Үргэлжлэлийг дараагийн дугаараас уншина уу.)
Олон түмэнд хамгийн хурдан хүрдэг дууны үг нь уран тансгийн охь, утга нь ухаарлын алтан хайрцаг, ая нь асрал хайрын уянга байх болтугай!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Уншвал ус, харвал хальс, үзвэл үнс болно шүү, хүүхдээд ээ!” өгүүллийн хэсгээс