Пхеньяны удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ.
Малайзын цагдаагийн газраас мэдээлснээр 46 настай Ри Жун Чол гэгч эрэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Өмнө нь энэ хэрэгт сэжиглэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг баривчилсан тухай мэдээлж байв.
Ким Жун-нам нь даваа гаригт Куала Лумпурын нисэх буудалд ухаан алдаж унасны дараа эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Түүнийг хордуулсан байж магадгүй хэмээн мэдээлж байна.
Малайзын цагдаагийн газрынхны сэжиглэж буйгаар хортой бодисыг Ким Жун-намын нүүр рүү цацсан байж болзошгүй гэнэ. 46 настай Ким Жун-нам Макаод байх гэр бүлийнхэн дээрээ очихоор Малайзын нисэх буудалд нислэгээ хүлээж байхдаа бусдад хорлогджээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА