Монгол төрт ёсны дөрвөн их ой давхцсан тэгш ойн жилээр түрүүлсэн шинэхэн аварга C.Мөнхбатдаа Увсчууд ихэд бэлгэшээлтэй байгаа аж. Тийм ч учраас Дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, улсын арслан Б.Ганбат зэрэг улсын цолтой бөхчүүд нутгийнхаа ойд очиж, наадамчин олныг баясгасан байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Увс нутгийн цөөнгүй улстөрч шинэхэн аваргатай болсныг бэлгэшээн нутгийнхаа ойд очсон юм байна. ОХУ-ын Тува улсын Засгийн газрын төлөөлөгчид ирж, даншиг наадмыг үзэж сонирхжээ. Тува улсын Засгийн газрын тэргүүн Хар-Ол Увсчуудад наадмын баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Засгийн газрынхаа нэрийн өмнөөс дурсгалын зураг гардуулжээ.
Наадмын үеэр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн хүмүүст шагналыг нь гардуулжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Б.Давааням, Д.Сорков, Алтангадас одонгоор Ч.Жамбал, Х.Сүхбаатар, Д.Гэндэн, Л.Сүх-Очир, Т.Цогооцэвээн, С.Алтанхундага, Ц.Норовпил, Б.Дамиран нар энгэрээ мялааж, хийсэн бүтээснээ үнэлүүлснээс гадна Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар зарим хүнийг шагнажээ.