Ирак баруун Мосулыг чөлөөлөх ажиллагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.19-нд нийтлэгдсэн

Ирак баруун Мосулыг чөлөөлөх ажиллагаа эхлүүллээ

Иракийн арми Мосул хотын баруун хэсгийг “Исламын улс”-ын дайчдаас чөлөөлөх цэргийн ажиллагаа эхлүүлсэн талаар тус улсын ерөнхий сайд Хайдер аль-Абади өнөөдөр /2017.02.19/ мэдэгдлээ.

Мосул хотын зүүн дүүргүүдийг хяналтдаа авсны дараах энэ ажиллагааг тус улсын ерөнхий сайд Мосул хотыг бүрэн чөлөөлөх үйл явцад гарсан шинэ гэрэл гэгээ гэж тодорхойлсон байна. Мөн тэрбээр мэдэгдэлдээ хотын чөлөөлөгдсөн хэсэгт хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ хүргэхийг Иракийн хүмүүнлэгийн байгууллага, хандивлагчдаас хүсчээ.

Бямба гаригийн орой Иракийн армийн цэргүүд Мосул хотын баруун хэсгээр хэдэн сая хувь ухуулах хуудас цацаж орхисон байна. Үүнд “Исламын улс” бүлэглэлийн ноёрхлоо тогтоосон хэсгүүдэд газрын дайралт эхлүүлэх тухай оршин суугчдад сануулсан байв. Өнгөрсөн хугацаанд тэдгээр бүс нутагт зөвхөн агаарын дайралт хийж байжээ. Хэвлэмэл хуудсанд иргэдэд зааварчилгаа, зөвлөмж, анхааруулга өгснөөс гадна “Исламын улс”-ын дайчдыг зэвсгээ хаяад, бууж өгөхийг сануулсан байна. Баруун Мосулд одоо 800 мянга орчим энгийн иргэн амьдарч байгаа гэж НҮБ үзэж байгаа юм.

“Исламын улс” цэрэгжсэн бүлэглэл 2014 онд Иракийн хоёр дахь том хот Мосулд хяналтаа тогтоосон юм. Тигрис мөрнөөр хоёр хуваагдсан Мосул хотын зүүн хэсгийг Иракийн Засгийн газрын хүчин өнгөрсөн нэгдүгээр сард чөлөөлсөн бөгөөд одоо баруун хэсгийг босогчдоос булаахаар цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь энэ билээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж