Зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг батлав

Хуучирсан мэдээ: 2017.02.18-нд нийтлэгдсэн

Зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг батлав

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр өчигдөр (2017.02.17) сонсгол, хэлэлцүүлгийг “Пума империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Сонсгол, хэлэлцүүлгийн төгсгөлд Хэвлэл мэдээллийн салбарын зохиогчийн эрхийг дээдлэх тунхагийг баталлаа. Оролцогч 16 байгууллагын төлөөлөл санал нэгтэйгээр оюуны өмчийг дээдлэх, сэтгүүлчийн аливаа бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллагууд оюуны өмчийн зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах, зогсоохыг урьтал болгохгүйгээр зөрчлийг арилгуулах, өөрийн зохиуцуулалтаар шийдвэрлүүлэхийг дэмжиж, энэхүү тунхагийг баталсан юм.

Үүний өмнө Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Оюуны өмчийн түгээмэл зөрчил”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын улсын байцаагч С.Ганзориг “Зохиогчийн эрх ба чанартай сэтгүүл зүй”, “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Оюуны өмч ба Өөрийн зохицуулалтын байгууллага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Ц.Чимэддондог "Оюуны өмчийн зөрчлийг өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийсэн. Тавьсан илтгэл, мэдээлэлтэй холбоотойгоор оролцогчид саналаа илэрхийлж, эцэст нь дээрх тунхагийг баталсан юм.

Сонсгол, хэлэлцүүлгийг удирдсан Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид "Сэтгүүл зүйд оюуны өмчийг дээдэлж, дотроосоо цэвэрших санал санаачлага гаргаж, бидэнд хандсан Монголын сайтын холбооныхонд талархал илэрхийлье. Цаг үеэ олсон, үр дүнтэй түүхэн тэмдэглэгдэн үлдэх баримт бичгийг бид өнөөдөр баталлаа. Энэхүү тунхагт салбарын 16 байгууллага нэгдсэн. Цаашид нэгдэж, зохиогчийн эрхийг дээдлэх байггуллагуудад нээлттэй" гэдгийг онцлолоо.

Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, "Медиа порт" телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНР, Gogo.mn  сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж