Анжелина Жоли: Бид үүрд гэр бүл хэвээрээ байх болно

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли: Бид үүрд гэр бүл хэвээрээ байх болно

Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан Анжелина Жоли, Брэд Питт нарын салалт гэр бүлийн бүх гишүүдэд хүндээр тусч буй тухай жүжигчин бүсгүй анх удаа сэтгэлээ уудлан, ярилцлага өгчээ. 12 жил хамт амьдарсан Жоли, Питт нар 2016 оны есдүгээр сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан юм.

Камбожи. 2017.02.19 Эх сурвалж: BBC World News

Жоли ярилцлага өгөх үедээ Камбожид байсан ба BBC World News-т өчигдөр /2017.02.19/ өгсөн ярилцлагадаа Анжелина Жоли “Би энэ тухай их зүйл ярихыг хүсэхгүй байна. Гагцхүү бид хүнд хэцүү цаг үеийг даван туулж байна гэж л хэлэх байна даа. Бид нэг гэр бүл, цаашид ч үргэлж гэр бүл хэвээр байх болно” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Энэ хүнд бэрх үеийг даван туулах болно. Цаашид илүү хүчирхэг гэр бүл болно гэж итгэж байгаа” гэсэн байна.

Салалт гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн, хүнд бэрхийг даван туулж буй тухайгаа Анжелина Жоли хоолой зангируулан ярьжээ.

Брэд Питт, Анжелина Жоли нар 2005 онд “Mr & Mrs Smith” киноны зураг авалтын үеэр танилцаж, дотносчээ. Гэхдээ есөн жилийн дараа буюу 2014 онд хуримласан юм. Тэд Маддокс /15 настай/, Пакс /13/, Захара /12/, Шило /10/ болон Нокс, Вивьен /8 настай/ ихрүүд гээд зургаан хүүхэдтэй.

Салалтыг шийдвэрлэх хуулийн үйл явц үргэлжилж байгаа ч экс-хосууд хүүхдүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавихаар хэн хэн нь зөвшөөрсөн гэнэ.

“Хүн бүр л энэ асуудалд оролцож байна. Гэр бүлийнхний маань хувьд бүгдэд нь маш хүнд үе тохиож байна. Миний хүүхдүүд, бидний хүүхдүүд л хамгийн чухал. Бид үүрд гэр бүл хэвээр байх болно. Би салалтыг ингэж л харж байна” гэж Жоли ярьжээ.

Анжелина Жоли сүүлд тоглосон “Эхлээд тэд эцгийг минь хороосон” нэртэй бодит амьдралаас сэдэвлэсэн киноныхоо нээлтэд оролцохоор Камбожид очсон үедээ ВВС-д ярилцлага өгчээ. Өөрөө найруулагчаар нь ажилласан уг киног “Netflix” бүтээсэн юм. Лоунг Унг гэх зохиолчийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэ киноны дэлхийн нээлт өнгөрсөн бямба гаригт /2017.02.18/ Камбожийн Сиемреап хот дахь Ангкор Ват сүмд болсон байна. Өмнө нь тэнд “Булш ухагч” киноны зураг авалтыг хийж байжээ.

Жоли киноны нээлтэд зургаан хүүхдийнхээ хамт очсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Брэд Питтээс салах өргөдлөө өгснөөс хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь энэ юм.

Анжелина Жоли зургаан хүүхдийн хамт Камбожид.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж