“Mongolia Bike Challenge” гараанаас гарахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

“Mongolia Bike Challenge” гараанаас гарахад бэлэн

Монголоор овоглосон олон улсын дугуйн уралдаан болох “Mongolia Bike Challenge-2011” уралдааны нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд боллоо. “Mongolia Expeditions” компани, Италийн аялал жуулчлалын “Прогетта Авентура” компанитай хамтран зохион байгуулж буй “Mongolia Bike Challenge-2011” уралдаан өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэ уралдаанд 12 орны 59 тамирчин ХААН, спортсмен, мастер 1, мастер 2, ахмад, эмэгтэйчүүд болон тандем гэсэн долоон ангилалд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. Оролцогчид Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар говь, хангай хосолсон 1200 км замыг есөн гараанд туулах юм.

Энэ удаад Итали, Испани, Франц, Канад, АНУ, Герман, Австри зэрэг орны чансаа өндөртэй тамирчид манай оронд хүрэлцэн ирсэн бөгөөд мэргэжлийн тамирчдын өрсөлдөх ХААН ангилалд Итали, Канад, Шинэ Зеланд, Малайз зэрэг орны 10 гаруй тамирчин уралдах ажээ. Тэдгээр тамирчдын дунд өнгөрсөн жилийн уралдааны аварга, Италийн алдарт тамирчин Марзио Дехо багтаж буй. Зохион байгуулагчдын зүгээс Дехогийн гол өрсөлдөгчдөөр Канад, Шинэ Зеландын тамирчдыг байх болов уу хэмээн таамаглаж байна.

“Mongolia Bike Challenge 2011” уралдааны хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Өмнөговь, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Засаг даргын Тамгын газар оролцож байна. Монголын талаас С1, NTV, Боловсрол суваг телевиз уралдааныг газар дээрээс нь дамжуулах бол Итали, Испани, Тайвань, Хятад, Герман, Австрали, Бельгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжлан, дэлхий нийтийн сонорт хүргэх ажээ.

Энэ жилийн уралдааныг Испанийн алдарт дугуйн брэнд “ORBEA” ивээн тэтгэж, эрэгтэй, эмэгтэй төрөлд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчдад “ORBEA” брэндийн унадаг дугуй гардуулах юм.

Уралдаанд оролцох тамирчид өчигдөр Монголд ирсэн бөгөөд маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу нисч, 2-ны өглөө тус хотоос гараагаа хийх юм. Харин наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө барианд орно.

 “Mongolia Bike Challenge” нэртэй олон улсын дугуйн анхдугаар уралдаан өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол улсын нутгаар болж байсан. Говь, Хангай хосолсон энэ уралдаан нийт 10 гараагаар үргэлжилж, тамирчид Дундговь, Өмнөговь, Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар нийт 1400 км замыг туулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэзуу хийдийн үүдэнд барианд орж байсан билээ. “Mongolia Bike Challenge 2010” уралдаанд 12 орны 92 тамирчин оролцож, Италийн алдарт тамирчин, Италийн уулын дугуйн улсын аварга Марзио Дехо түрүүлснээр уралдааны алтан цом хүртсэн бол Монголын тамирчин, ОУХМ Т.Төгөлдөр, Испанийн тамирчин Карлос Оссенбах нар мөнгө, хүрэл медалийн эзэд болж байв.

Харин энэ жилийн уралдаанд Монголын баг харьцангуй цөөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Учир нь Хятадын Шинжянь хотноо болох дэлхийн оюутан залуусын Универсиад их наадамд оролцох Монголын дугуйчид бэлтгэлдээ гараад буй.

“Mongolia Bike Challenge-2011” уралдааны нээлтийн ёслолын үеэр тус тэмцээнд оролцох Монголын багийн ахлагч З.Нарантай уулзлаа.

-“Mongolia Bike Challenge-2011” тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулаач.

-Олон улсын чанартай энэхүү тэмцээнд хоёр дахь жилдээ оролцох гэж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн жил болсон анхдугаар тэмцээнд Монголын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 10 тамирчнаа сойсон. Харин энэ жил хагас бүрэлдэхүүнтэй оролцож байна. Учир нь оюутны спортын наадам давхцаж байгаа тул шигшээ багийн үндсэн, гол тамирчид маань Универсиад наадамд оролцохоор сонгогдсон байгаа. Гэхдээ 18 настай залуу, шилдэг тамирчин Уламбаяр, мөн спортсмен ангилалд Спортын мастер Эрдэнэбаяр гээд өөрийнхөө ангилалд өндөр амжилт гаргах боломжтой тамирчид “MBC-2011” тэмцээнд оролцож байна. Нийт дөрвөн ангилалд таван тамирчнаа сойж оролцох гэж байна.

-Монголын баг энэ тэмцээнд ямар амжилттай оролцохоор зорилго тавиад байна вэ?

-Өнгөрсөн жил манай шилдэг тамирчин н.Хангарьд Монголын багийн хамгийн шилдэг амжилтыг үзүүлж байсан. Өөрийнхөө ангилалд хоёрдугаарт, нийт дүнгээр гуравдугаар байрт шалгарч байлаа. Энэ жил Хангарьд маань тэмцээн давхцсан учир “MBC-2011” тэмцээнийг өнжиж байгаа нь жаахан харамсалтай байна. Гэхдээ спортсмен ангилалд өрсөлдөх залуу тамирчин Уламбаяр маань өөрийнхөө ангилалд эхний гурван байрт шалгарах, мөн мастер 2 ангилалд өрсөлдөх Түмэнбаяр, Батбаяр нар шагналт байрт шалгарах зорилго тавьж, бэлтгэлээ базаасан. Дээрээс нь өмнөх жилтэй харьцуулахад хэрэглэл, материалын хувьд нэлээд анхаарч, мэргэжлийн төвшинд хүргэсэн байгаа. Тиймээс боломжийн амжилттай оролцох байх гэж бодож байна даа.

-Монголын баг тамирчдын бэлтгэл хэр байгаа вэ. Ер нь жилийн туршид байнгын бэлтгэлтэй байх боломж хэр вэ?

-Манай багийн хувьд уулын бус замын дугуйн баг. Гэхдээ сүүлийн үед уулын дугуйн спортыг хөгжүүлэх үүднээс уулын дугуйн аялал ихээр зохион байгуулдаг болсон. Долоо хоног бүрийн амралтын өдрөөр уулын дугуйн аялалд оролцож, өмнө нь тэмцээн, уралдаанд оролцож байсан тамирчид багийн бүрэлдэхүүнд багтаж байна. Тиймээс туршлага, бэлтгэлийн хувьд боломжийн гэж дүгнэж байгаа даа.

-Өнгөрсөн жилийн “Mongolia Bike Challenge” уралдааны аварга Италийн алдарт дугуйч Марзио Дехо энэ жил дахин хүрэлцэн ирсэн байна. Мэдээж тэмцээний түрүү түүний зорилго байх. Ер нь Монголын дугуйн спорт, тэр дундаа бартаат замын, уулын дугуйн спортын төвшин хэр хэмжээнд байна гэж бодож байна?

-Монгол Улс маань уул ус ихтэй, уулын дугуйн эх орон байж болохоор. Гэтэл манайд уулын дугуй хөгжөөгүй л байна. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн дорвитой арга хэмжээ авахаар төсөв төлөвлөгөөгөө боловсруулж байна. Энэ жил дугуйн спортын хэрэгслийн дэлгүүр байгуулсан байгаа. Үүний үндсэн дээр хүүхэд, залуусын дунд уулын дугуйг хөгжүүлэх, дэмжих маш олон үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн аварга Марзио Дехо энэ жил дахин ирсэн байна. Тэр бол үнэхээр дэлхийн хэмжээний, мэргэжлийн шилдэг тамирчин. Харамсалтай нь, энэ жил түүний уралдах ХААН ангилалд оролцох тамирчин манай багт байхгүй. Дээр дурдсанчлан шигшээ багийн хоёр сайн тамирчин маань Универсиад наадамд оролцох тул энэ тэмцээнийг өнжиж байна.

-Энэ жилийн уралдааны онцлог нь юу вэ?

-Өнгөрсөн жил хамгийн элит ангилал болох ХААН ангилалд ердөө гуравхан тамирчин оролцож байсан бол энэ жил 10 тамирчин энэ ангилалд уралдах гэж байна. Тиймээс тэмцээний өрсөлдөөн, чанар илт дээшилж байна гэж ойлгож болно. Итали, Канад, Испани зэрэг орны шилдэг тамирчид ирсэн учир Монголын тамирчдын хувьд тэднээс суралцах, туршлага судлах ач холбогдолтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж