Ким Чен Уны ахад халдсан бичлэг цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны ахад халдсан бичлэг цацагдлаа

ХОЙД СОЛОНГОСЫН ДӨРВӨН ИРГЭНИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Хойд Солонгосыг удирдан залагч Кимийн гэр бүлийн гишүүн Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй Хойд Солонгосын өөр дөрвөн иргэнийг эрэн сурвалжилж байгаа талаар Малайзын цагдаагийн газар мэдэгдлээ.

Албаны хүмүүс энэ хэргийг санаатай аллага гэж тодорхойлж байна.

Малайзын цагдаагийн газрын дарга Ноор Рашид Ибрахим ням гаригт /2017.02.19/ Куала Лумпурт хэвлэлийн бага хурал хийлгэж, хэргийн талаар мэдээлэл өгчээ.

Энэ үеэр “Хойд Солонгосын удирдагчийн тушаалаар Ким Жун-намыг хөнөөсөн байж болох уу” гэх асуултад тэр “Сэжигтнүүд бүгд Хойд Солонгосын иргэншилтэй. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж хариулсан байна.

Малайзын цагдаа нар одоогоор дөрвөн сэжигтнийг баривчлан саатуулсан бөгөөд өөр дөрвөн хүнийг мөн эрэн сурвалжилж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр баривчлагдсан этгээдүүд дипломат биш энгийн пасспорттой байсан гэнэ.

Эрэн сурвалжилж буй дөрвөн хүн нь хэрэг гарах өдөр Малайзаас оргон зайлж амжжээ. Мөн мөрдөн байцаалтад тус болж магадгүй гурван энгийн иргэнийг хайж байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-нам хоёрдугаар сарын 13-ны өглөө Куалу Лумпурын нисэх буудлаас Макао руу нисэх гэж байхдаа хорлогдож, амиа алдсан юм. Нислэг хүлээж байх зуур нь түүний нүүр рүү хорт бодис цацсан гэж цагдаа нар мэдэгдэж байгаа билээ.

БАРИВЧЛАГДСАН СЭЖИГТНҮҮД

Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хамгийн сүүлд Хойд Солонгосын иргэн Ри Жун Чолыг баасан гаригт Малайзын Селангор дахь орон сууцнаас баривчилжээ.

Мөн Вьетнамын иргэний үнэмлэхтэй эмэгтэй, Сити Аисия гэх 25 настай индонез эмэгтэйг саатуулаад байгаа юм. Аисия нь хохирогчийн нүүр рүү шингэн цацахдаа өөрийгөө  бусдыг шоглож тоглодог телевизийн нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсоноо мэдүүлжээ. Тэр хүний амийг санаатай хөнөөх аллага байсан гэдгийг огт мэдээгүй гэсэн тухай Индонезийн цагдаагийн газрын дарга Тито Карваниан мэдээлэл өгсөн байна. Үүнийхээ төлөө Аисия цөөн хэдэн доллар авсан гэнэ. Түүний найз залуу болох 26 настай малайз залууг мөн Селангороос баривчилсан байна.


БИЧЛЭГ ЦАЦАГДЛАА

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намын амь насанд халдсан гэх дүрс бичлэгийг Японы Fuji TV суваг олон нийтэд цацлаа. Уг бичлэгт талийгаачийг тасалбар бичүүлэхээр зогсч байх үед нэгэн эмэгтэй биед нь хүрч байгаагаар үлджээ. Мөн өөр нэг эмэгтэй хэргийн газраас эхний эмэгтэйн эсрэг чигт явж байгааг онцолсон байв. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж