Хэдхэн хоногийн дараа монголчууд бидний уламжлалт цагаан сарын баяр болно. Тиймээс бид энэ удаад “Хүчит шонхор” захыг зорьж, ууц, үхрийн өвчүү, махны үнэ ханш сонирхсон юм. Нийслэлчүүд гэлтгүй ойролцоох сумдын иргэд хүртэл эндээс ирж, сар шинийнхээ ууц идээний бэлтгэлийг хангадаг. Дээрээс нь үнэ ханш нь бусад зах, худалдааны төвөөс арай хямд гэгддэг “Хүчит шонхор” зах хөл ихтэй угтаж байна.
“Хүчит шонхор” захад эгнүүлэн зогссон “Портер” машинуудын тэвшин дээр орон нутгаас зорин ирсэн малчид ууц зарж байна. Мөн захын баруун хэсгийн агуулахад бас мах борлуулж байна.. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас малчид өөрсдөө ууц, мах тээвэрлэн авчирч худалдах болсон. Тиймээс нийслэлчүүдийн олонх нь ууц шүүснийхээ махыг эндээс авдаг билээ. Энэ жилийн хувьд Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгийн иргэд орон нутгаас түлхүү ирсэн байна. Тэдний борлуулж буй үнэ худалдаачдын үнэтэй ижил байгаа ч орон нутгаасаа хамааран ууцны хэмжээ нь том, жижиг байх ажээ. Мөн махны амт, чанар өөр байдаг гэдгийг ч худалдаачид хэлж байв.
Үхрийн өвчүү 90-120 мянган төгрөгийн үнэтэй
Том, жижиг, тарган, туранхай болоод аймаг, сумдаар нь ялган өрсөн хонины ууц 120-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жижиглэнгийн махны үнийг сонирхвол, 1 кг хонины мах 4100-4300 төгрөг учраас наймаачид ууцаа бараг энэ үнээр борлуулж байгаа гэв. Үхрийн өвчүү 1 кг нь 5500-6300 мянган төгрөг байв. Нэг өвчүү дунджаар 20 гаран кг болдог, хэмжээнээсээ шалтгаалан үхрийн өвчүү 90-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус төвийн худалдаачид иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт бага байгааг хэлж байв. Худалдаачид өдөрт дунджаар 2-5 ууц борлуулж байна гэж байсан.
Хонины гулууз мах 1 кг нь 4000 төгрөг
Иргэд бууз хийхээр ихэвчлэн эндээс ямааны мах гулуузаар нь авч байна. “Хүчит шонхор” захын доторх лангуун дээр жижиглэнгээр өгч байгаа махны үнэ харилцан адилгүй байлаа. Үхрийн гуяны цул мах гэхэд л саяхан бэлтгэсэн шинэ бол нэг килограмм нь 7000-7500 төгрөг. Намар бэлдсэн хөлдүү үхрийн гуя нэг килограмм нь 6000-6500 төгрөг байв. Томоохон үхрийн гуя аваад буузаа бэлдье гэвэл ойролцоогоор 200 гаруй мянган төгрөг болох ажээ.
“Хүчит шонхор” захын гадна үхрийн цул мах 1 кг нь 6500 төгрөг, гулууз хонины мах 1 кг нь 4000 төгрөг, ямааны мах 1 кг нь 3000 төгрөг байна. Түүнчлэн хонины мах ястай нь нэг килограмм нь 5300 төгрөг, хонины ясгүй мах нэг килограмм нь 5800 төгрөг, ямааны мах ястай нь нэг килограмм нь 4300 төгрөг, ямааны ясгүй мах нэг килограмм нь 4700 төгрөг, тэмээний мах 1 кг нь 4300 төгрөг, адууны мах нэг килограмм нь 4000-4800 мянган төгрөг, хонины сүүл 1 кг нь 5000-6000 төгрөгийн үнэтэй байв.
Хүнсний захуудад худалдаалж буй махны үнэ ханш
Б.ТУУЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN