Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын наадмын нээлт өнөөдөр болж, эхний медалийн эзэд тодорно. Найм дахь удаагийн наадамд 32 орны 1139 тамирчин спортын 11 төрөлд 65 багц медалийн төлөө өрсөлдөх билээ. Монголын тамирчдын энэ онд оролцох хамгийн том тэмцээн “Саппоро 2017” наадмаас эхэлж байна. Тус наадамд манай тамирчид гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана, уулын цана, биатлон, шорт трек, хоккей гэсэн зургаан төрөлд өрсөлдөх бөгөөд нийт 42 тамирчин Саппорог зорьсон. Мөн дасгалжуулагч, эмч, албаны нийлсэн 28 хүн багтсан бөгөөд энэхүү наадам Монголын баг тамирчдын 2017 онд оролцож байгаа хамгийн том наадам билээ.
“Саппоро-2017” өвлийн VIII Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн захирал Ч.Насантогтох томилогджээ.
ХОККЕЙ, ЦАНА, ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР ЗЭРЭГ ТӨРӨЛД МЕДАЛЬД ХҮРТЭХ БОЛОМЖТОЙ
Азийн өвлийн наадам 1986 онд анх зохиогдсон бөгөөд Монголын баг анхны тэмцээнээс эхлэн тасралтгүй оролцож байна. Манай баг тамирчид хоёр дахь наадмаас эхлэн медалийн буухиаг эхлүүлсэн. “Саппоро 1990” наадмаас гүйлтийн цанын буухиа төрлөөр хүрэл медаль хүртэж, өвлийн спортын анхны том амжилтаа гаргаж байсан түүхтэй. Энэ амжилт “Чанчүнь-2007” наадамд давтагдаж, уулын цанын Ү.Марал хүрэл медалийн эзэн болсон. Харин 2011 онд Казахстанд болсон VII дахь наадамд бөмбөгтэй хоккейчид мөнгөн медаль хүртсэн бол цанын зүг чиг олох төрөлд дөрвөн хүрэл медалийг зүүж, монголчууд өвлийн спортоор амжилт гаргах боломжтойг харуулсан юм. Тиймээс энэ удаагийн наадамд хоккей, цана, гүйлтийн тэшүүр зэрэг төрөлд манайхан медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой.
“САППОРО 2017” НААДАМ ХАМГИЙН ОЛОН ОРОЛЦОГЧТОЙ НААДАМ БОЛЖ БАЙНА
“Саппоро 2017” наадам хамгийн олон оролцогчтой наадам болж байна. 2011 онд Казахстанд болсон VII наадамд 26 орон оролцож байсан юм. Тэгвэл энэ удаагийн наадамд Вьетнам, Индонез, Шри-Ланка, Зүүн Тимор улс анх удаа оролцож байгаа аж. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөл Далайн бүсийн орнуудад урилга илгээсний дагуу Австрали, Шинэ Зеланд улс төлөөллөө оролцуулахаар болсон нь наадмын оролцогчдын тоог нэмж, өрсөлдөөнийг улам өндөр болгож орхилоо. Тиймээс энэхүү наадмаас олон амжилтууд шинэчлэн тогтоогдох боломжтойг мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж энэ удаагийн наадамд БНХАУ хамгийн том буюу 156 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бол Япон /146/, БНСУ /142/, Казахстан /116/ тамирчинтай удаалж байна. Харин манай улсаас спортын зургаан төрөлд 42 тамирчин Азийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
“Саппоро-2017” өвлийн VIII Азийн наадмын нээлт өнөө орой болох бөгөөд маргаашаас эхлэн тэмцээн хуваарийн дагуу явагдана. Мөн сноубордын төрөлд хоёр багц медалийн эзэд тодорно.
АЗИЙН VIII ӨВЛИЙН НААДАМ
- Саппоро & Обихиро хот, Хоккайдо муж, Япон улс.
- 2017 оны хоёрдугаар сарын 19-26нд болно.
- Таван спорт (цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг)- ын 11 төрлөөр 64 цогц медалийн төлөө өрсөлдөнө.
- Азийн олимпийн зөвлөлийн гишүүн (ОСА) 32 Үндэсний олимпийн хороо тус наадамд оролцоно. (2011 онд 26 орон хүч сорьж байсан.)
- Монголын баг тамирчид Азийн өвлийн “олимпод” завсаргүй 8 удаа оролцсон. (1986, 1990, 1996, 1999, 2003, 2007, 2011)
- Монголын цанын буухиан эрэгтэйчүүдийн баг тамирчид Азийн өвлийн наадмаас 1990 онд анхны хүрэл медаль хүртэж, 2007 онд Ү. Марал (уулын цана, чөлөөт гулгалт- freestyle) хүрэл, 2011 онд бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанатай зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр 4 хүрэл медаль тус тус хүртсэн.
“Саппоро-2017” өвлийн VIII Азийн наадмын багийн ахлагчаар (Шеф-де-Миссион) Ч.Насантогтох (Үндэсний шигшээ багийн захирал) томилогджээ.
Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккейн төрлөөр нийт 42 тамирчин, 28 дасгалжуулагч, эмч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцоно.
МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧ
- 1986- Саппоро Цэндийн Дарамбазар /Цана/
- 1990- Саппоро Чулууны Баттулга /Цана/
- 1996- Харбин Нямдондовын Ганболд /Тэшүүр/
- 1999- Канвон Болдын Сансарбилэг /Шорт трек/
- 2003- Аомори Чойжилжавын Пүрэвдаваа /Хоккей/
- 2007- Чанчүнь Ганбатын Мөнх- Амьдрал /Тэшүүр
- 2011- Алматы-Астана Галбаатарын Ууганбаяр /Тэшүүр/
- 2017- Саппоро Эрдэнэчимэгийн Бархүү /Биатлон/
ХОЛБООТОЙ ЛИНК: https://sapporo2017.org
Ч.БОЛОР