-МАН янцаглаж, иргэд модоо барина. Энэ нам эдийн засгийн ямар ч бодлогогүй, боловсон хүчингүй гэдгээ харууллаа-
Эрт урьдын цагт үнэг, чоно хоёр амьдардаг байжээ. Тэд явж байгаад гүзээтэй шар тос олж, түүнийгээ өндөр уулын оройд гарч хувааж идэхээр болдог. Ингээд чоно өнөөх гүзээтэй тосоо үүрээд уулын орой руу аахилан алхаж, үнэг араас нь янцаглан дагадаг. Үнэгний “гаргасан санал”-ын дагуу хэн ахмад нь гүзээтэй тосоо идэхээр болно. Гэвч хөөрхий чоно үнэгэнд хууртаж, “хоосон ходоодтой”-той хоцордог ийм нэгэн үлгэрийг МАН-ынхан бодвол багадаа сонсч л өссөн байлгүй.
УИХ-ын сонгуулиар 65 суудалтай болсон МАН-ынхан ялалтынхаа шокноос ч гарч амжаагүй байхдаа хийсэн дараалсан мэдэгдлүүд нь Монголыг буланд шахаж, Олон улсын валютын сан /ОУВС/-гийн "Extended facility fund" хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголтгүй үлдээлээ.
Ардчилсан намыг харлуулах зорилготой МАН-ын найман сарын улстөржилтийн эцсийн дүнд эдийн засаг шалдаа унаж, эрх баригчдын бодлогын алдааг иргэд халааснаасаа төлөхөд хүрч байна.
МЭХТ МЭХЭНДЭЭ
Уг нь МАН-ынхан Ардчилсан намыг чадах гэсэн биш өөрсдийгөө төдийгүй Монголыг давхар хорлочихсон юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн дараалан хийсэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлын талаарх мэдэгдэл олон улсын санхүүгийн үнэлгээний хараат бус “Moody's", “Fitch” агентлагуудаас Монголын зээлжих зэрэглэлийг бууруулах үндэслэл болсон билээ. Ингэснээр Монгол Улс гаднаас зээл авах боломжоо алдсан.
ОУВС-гаас өөр явах “замгүй” болсон МАН-ын засаг “Extended facility fund" хөтөлбөрт хамрагдаж, гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээл авахдаа долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээ гадаадынхны өмнө амлав.
Нэг ёсондоо тэд төсвийн алдагдлаа байж боломгүй дээд хэмжээнд хүргэчихээд дараа нь “би үхэхээр чи үх” гээд иргэд рүүгээ хамаг ачаа, эрсдэлийг нь түлхчихэж байгаатай л ялгаагүй харагдаж байна.
ОУВС буяны байгууллага биш гэдгийг МАН-ынхан мэдэж байсан нь мэдээж. Зээл олгоод хариуд нь хамгийн хүнд нөхцөлүүдийг тулгана гэдгийг гадарлаж байсан биз. Гэхдээ ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдахгүйгээр эдийн засгаа хямралаас гаргах боломж байсныг эдийн засагч Б.Лакшми хэлж байна. Монголын эдийн засгийн хямралын гол шалтгаан нь улстөржилт гэсэн “онош” тавиад, долоо, найм, есдүгээр сард шинэ засаг шуурхай ажилласан бол нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсныг ч дурьдлаа.
Харамсалтай нь, зургаан жилийн өмнө 17 хувийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явсан Монгол ОУВС-гийн хөтөлбөрт гурав дахь удаагаа хамрагдахаар болсон нь Монголын эрх баригчид “буруу замаар будаа тээж буй”-н гурав дахь сануулга нь юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ЖИНХЭНЭ ХЯМРАЛ ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА
Хамгийн хэцүү, хамгийн хүнд хямрал одооноос эхэлж байна. Тэгэхээр ирэх хавраас эхлэн монголчууд шатахуун, мах, ханш гурвын өсөлт дээр бий болсон инфляцид халаасанд байгаа бүхнээ гөвөөд дуусах бололтой. Ялангуяа ажил олгогчид, ажил хийж, амьдралаа авч яваа дундаж бүлгийнхэнд хамгийн хүнд цохилт ирэхийг эдийн засагчид сануулж буй юм.
Төсвийн алдагдлыг, тухайлбал, төсөв захиран зарцуулагчдын зарцуулсан мөнгө, экспорт, татвар, хураамж зэргээс төсөвт төвлөрсөн орлого хоёрын дундах алдагдлыг бууруулахын тулд иргэдийн бүсийг чангалж эхэллээ. Үндсэндээ өнгөрсөн 26 жилийн хугацаанд эрх барьж байсан МАН, АН-ын алдаатай бодлогын төлөөсийг иргэд ийнхүү цалин, тэтгэвэр, орлого, хуримтлалаараа төлөхөөр болж байна.
Гэхдээ хэт баячуудын орлогод ОУВС-гаас тавьж буй нөхцөлт шаардлагууд огтхон ч нөлөөлөхгүй. Хамгийн гол хохирогчид нь дундаж давхаргынхан гэсэн үг.
ЭРХ БАРИГЧИД ТАНСАГЛАЖ, ИРГЭД БҮСЭЭ ЧАНГАЛАХ УУ?
ОУВС-гаас зөвшөөрөл олгосны дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийхээр болсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлжээ.
ОУВС-гийн хөтөлбөрийн талаар Ням гаригт олон нийтэд өгсөн түүний мэдээлэлд төрийг цомхон болгож, бүтцийн өөрчлөлт хийх тухай ганц ч үг алга. Яагаад вэ?
Монгол Улс 160 мянган төрийн албан хаагчтай. Мэргэжлийн засаг гэхэд л 16 сайд, 13 дэд сайдтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төсвийн зардлын 60 хувь нь төрийн албан хаагчдын цалин мөнгө, сайд, дарга нарын хангамж үйлчилгээнд зарцуулагддаг гэвэл данхайсан бүтцээ танаж байж л төсвийн алдагдал буурна. Ядаж л үр ашиггүй хөрөнгө оруулалтууд, улсын төсвөөс санхүүждэг болсон, болоогүй тендерүүдээ зогсоох хэрэгтэй.
Нэг сайд дороо 2-3 зөвлөх, мөн тооны туслах ажиллуулдаг. Сайдын, гишүүний гэх зөвлөх, туслахууд Төрийн ордноор л дүүрэн. Тэр болгоны цалинг гишүүн эсвэл сайд өөрийнхөө халааснаас өгдөг гэж бодож байна уу. Үгүй юм.
Монголын төрд нэг хүний хийх ёстой ажлыг гурван хүн хийдэг нь хэвийн үзэгдэл.
Хувийн хэвшилд гурван хүний хийх ёстой ажлыг нэг хүн хийнэ үү гэхээс нэг хүний хийх ёстой ажил дээр гурван хүн цалин аваад явбал компани нь удахгүй дампуурах байлгүй.
Тэгэхээр төсвийн тодотголоор хэрэгтэй, хэрэггүй зөвлөх, туслахуудаа явуулах хэрэгтэй. Дээр нь эрхи зүүж, хүн шүүмжилж, твиттерт жиргэхээс өөрийг мэддэггүй дэд сайдуудаа чөлөөл. Тэднийг чөлөөлснөөр төсөвт багагүй хэмнэлт гарах тооцоо бий.
Тухайлбал, дэд сайдын сарын цалин 1.4 сая төгрөг. Дэд сайдад үйлчилдэг гэрээт жолоочид 500 мянга, туслахад нь 700-800 мянган төгрөгийн цалин олгоно. Утас, шатахууны мөнгө гээд сардаа 500 мянган төгрөгийг төсвөөс гаргана. Мэргэжлийн засагт ажиллаж буй 13 сайдын зөвхөн ганц нь л сардаа дөрвөн сая 250 мянган төгрөгийг төсвөөс цалин, хөлс, хангамж хэлбэрээр авдаг гэсэн үг. Гадаад, дотоодын томилолтыг нь огтхон ч тооцохгүйгээр шүү дээ.
Өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын гадаад томилолтын зардал 4800 хүүхдийн сарын 20 мянган төгрөгтэй тэнцэхээр байсныг Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр дэлгэж тавьсан. Тэгвэл ганцхан чуулганы хугацаанд буюу аравдугаар сараас хойш дөрвөн сарын дотор 53 гишүүний гадаад томилолтод улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ мэт хэрэггүй, үр дүнгүй, элдэв зардлуудаа Засгийн газар, УИХ танахаас өөр замгүй.
Дээр нь төрийнхөнд олгодог 13 дугаар сарын цалин, гааль татвар, ИТХ-ынханд олгодог элдэв урамшуулал, 36 сарын цалинтай тэнцэх мөнгө гээд төсвөөс гаргадаг бүх зардлаа хэмнэ. Төрийн зарлага хэтэрснээс төсвийн алдагдал 2.4 их наяд хүрсэн болохоос ажил хийж, ажлын байр бий болгож буй татвар төлөгчид тансаглаагүй шүү дээ.
Төгсгөлийн бүлэгт: Монголын эдийн засгийн хүндрэл үе, үеийн Засгийн газрын бодлогын алдаа, үе, үеийн парламентын баталсан хууль, тогтоолуудын балаг, дарга нарын хулгай, авлига, намуудын эх адаггүй улстөржилтөөс болсон шүү дээ. Нэмж хэлэхэд, МАН ямар ч бодлогогүй, тэр тусмаа эдийн засгийн боловсролгүй нам гэдгээ дахин харууллаа. Ирэх гурван жил хичнээн аж ахуйн нэгж хаалгаа барьж, хичнээн хүн ажлын байраа алдаж, ажил орлогогүй болсон хичнээн хүний зээл чанаргүйд тооцогдохыг хэлэхэд хэцүү. Хамгийн баталгаатай зүйл бол Монголд одоо хатуугийн хатуу мөнгөний бодлого үйлчилнэ. Эдийн засгийн өвдөлт иргэд, өрх гэр бүхэнд илүү тодоор мэдрэгдэх болно. Уг нь МАН цалин хөлс нэмэхээс татварыг нэмэхгүй гэдгээ ердөө найман сарын өмнө амлаж байлаа.
Эцэст сануулахад, үлгэрт ч бас ингэж гардаг: Замаар явсан зангуу толгой, зайдсанд хуурагдсан мангуу толгой гэж…