Дипломат ёс бол урлаг гэдэг. Заримдаа хачин жигтэй зүйл их гарна. Тэдгээрийн нэг тод жишээ нь Дональд Трамп, Шинзо Абе нарын 19 секунд үргэлжилсэн гар барилт байв.
Өнгөрсөн баасан гаригт /2017.02.10/ АНУ дахь айлчлалаа эхлүүлсэн Японы ерөнхий сайдыг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп найрсаг дотноор хүлээн авчээ.
Абегийн хөлөглөсөн хар лимузин Цагаан ордны Баруун жигүүрийн гол хаалганы өмнө зогсож, Трамп түүнийг найрсгаар тэврэн авч, улмаар хоёул дотогш орсон гэнэ. Дараа нь Зуувин танхимд хоёр улсын тэргүүн зураг авахуулах үеэр Японы сэтгүүлч тэднийг гар барихыг хүссэн байна. Гэтэл Трамп Абегийн гарыг өөртөө татан ойртуулж, хэд хэдэн удаа зөөлөн цохин, гарыг нь тавилгүй нэлээд уджээ. Тэдний энэ гар барилт 19 секунд үргэлжилжээ.
Хэвлэл, мэдээллийн төлөөлөл танхимаас гарах зуур Трамп “Хүчтэй гар юм” хэмээн Абед хэлсэн гэнэ.
Тэдний энэ харилцаа твиттерт газар авч, сошиал хэрэглэгчид Трампын энэ үйлдлийг элдэв янзаар тайлбарлав. Трампын зориудаар хийсэн тактик ч гэж зарим нь сэтгэгдлээ илэрхийлжээ.
Албаны уулзалтуудын дараа тэд бямба гаригт /2017.02.11/ Цагаан ордонд үдийн зоог барьсны дараа Флорида дахь АНУ-ын ерөнхийлөгчийн хувийн эзэмшлийн Мар-а-лаго эдлэнд очиж, гольф тоглонгоо элдвийг хуучилжээ.
19 секунд үргэлжилсэн "дотно харилцаа" Трамп, Абе нарын уулзалтын эргэн тойрон дахь цорын ганц жигтэй явдал байсангүй.
Абе Цагаан ордонд айлчлалын талаар хэвлэлийн бага хурал хийх үед Трамп эхний хэсэгт чихэвч зүүгээгүй аж. Абе япон хэл дээр мэдээлэл хийсэн бөгөөд Трамп чихэвч зүүж, түүний ярианы орчуулгыг сонсоогүй хэрнээ инээмсэглэн, толгой дохиж байжээ.
С.ЦЭЛМЭГ