НҮБ-ын Хүн амын сан болон Хэвлэлийн хүрээлэн хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалт мэдээлэл сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга “Шинэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагын тодорхой албан тушаалтнууд буюу цагдаа, нийгмийн ажилтан, сум багийн засаг дарга, эрүүл мэндийн ажилтан зэрэг хүмүүсийн хуулиар хүлээх чиг үүргийг тодорхой болгож өгсөн. Хоёрдугаар,т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдийг өргөн хүрээнд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл дан ганц гэр бүлийн гишүүн бус хамтран амьдрагсад, төрөл төрөгсөд эсвэл гэр бүлээ батлуулаагүй хамтын амьдралтай байгаа хүмүүст хамаарахаар болсон. Гуравдугаарт, хүүхдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудлыг тодорхой зааж өгсөн. Мөн хүүхдэд хүчирхийлэл үйлдэгдэж буй талаар мэдсэн хэн болов ч мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу арга хэмжээг цагдаагийн байгууллага холбогдох эрх бүхий ажилтан авах үүрэгтэй. Ерөнхийдөө шинэчлэн найруулсан шинэ хууль нь нэгэн цогц болж чадсан” гэлээ.
Мөн энэ талаар мэдээлэл хүргэж буй сэтгүүлчдийн ёс зүй, мэдлэгийг дээшлүүлэх нь чухал болоод байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш Д.Мөнхчимэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэл өөрөө эмзэг сэдэв. Ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл Монголд байсаар байгаа. Ихэвчлэн охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт хохирдог. Үүнийг дамжуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйтэй, хохирогчийн талаар мэдээлэхгүй байх, эх сурвалжаа нууцлах нь маш чухал. Жишээ нь хохирогчийн зураг болон хувийн мэдээллийг нууцлахгүйгээр мэдээлэх нь тухайн сэтгүүлчийн ёс зүйн алдаа болдог. Сэтгүүлчдийг энэ талаар сургаж мэдээлэл өгвөл цаашдаа иймэрхүү асуудал багасаж сайжирна гэж харж байгаа” гэлээ.
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэд эмэгтэйчүүд, жендерийн асуудлаар бичдэг сэтгүүлчдийн сүлжээ клуб байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Г.БАТТҮШИГ