Харваачдад олгодог цолыг төрөлжүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Харваачдад олгодог цолыг төрөлжүүллээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг /2017.02.09/ УИХ-ын чуулганаар баталсан билээ.

Анх 2003 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж байжээ. Ингэснээр Үндэсний их баяр наадмын сурын харваанд зургаан удаа түрүүлбэл Дархан мэргэн цол хүртээхээр болсон байдаг. Уг цолын одоогоор ганцхан хүн хүртээд буй.

Цаашид сурын харваачдад олгож буй цол тэмдгийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж 2014 онд хуралдсан харваачдын 15 дугаар ээлжит чуулганаар шийдвэрлэсэн байна.

Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлт нь: Үндэсний баяр наадмын сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол олгох тухай юм.

Дээрх өөрчлөлтийг хуульд оруулах саналыг Үндэсний сур харваачдын XV их чуулганаар гаргасан байдаг. Тэдний саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөлд тусгаж өргөн бариад, УИХ-аар батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сурын харваачдад олгодог цол “Гоц харваач”, “Гарамгай харваач”, “Улсын мэргэн”, “Улсын хошой мэргэн”, “Улсын даяар дуурсах мэргэн”, “Улсын дархан мэргэн” болж төрөлжих эрх зүйн боломж бүрдсэн байна. Тус өөрчлөлт нь энэ жилийн баяр наадмаар эхлэн цаашид хэрэгжих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж