-Улс төрийн рейтинг, улс орны нөхцөл байдлаа бодоод үзсэн ч Засгийн газраа онилсон МАН-ын улстөржилт эрхбаригчдад ч, эдийн засагт ч аль алинд нь сайныг авчрахгүй гэдгийг Ардчилсан намын гашуун сургамж хангалттай харуулсан-
Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг бий гэдгийг Монголын улс төрийн үйл явдлууд үргэлж нотолдог. Загварын ертөнцөд моод эргэж ирдэг шиг улс төрд түүх давтагдах нь байдаг.
УИХ-д ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болсон МАН-ын дотоод зөрчил улам хурцдаж, Тусгаар тогтнолын ордноос халихын хэрээр иргэдийн итгэлтэй хамт эрх баригчдын рейтинг ч уруудсаар байх шиг.
МАН засгийн эрхийг авснаас хойш үндсэндээ найман сар гаруй болж буй ч хагарал, цуурал нь хэн ч олж харахаар ил болжээ. Үнэндээ унах нүхээ уралдан ухсан сөрөг хүчний өчигдрийн алдаа өнөөдөр эрх баригчид дээр илүү тод ажиглагдаж байна. Өнгөрсөн найман сарын турш Мэргэжлийн засгийн сайдуудыг нэг, нэгээр нь “онилсон” улс төрийн ард МАН-ынхан өөрсдөө байгаа нь ч нэгэнтээ ойлгомжтой болжээ.
Гэвч, улс төрийн рейтинг, улс орны нөхцөл байдлаа бодоод үзсэн ч засгийн газраа онилсон МАН-ын улстөржилт эрхбаригчдад ч, эдийн засагт ч аль алинд нь сайныг авчрахгүй гэдгийг Ардчилсан намын гашуун сургамж хангалттай харуулсан.
ЭДИЙН ЗАСАГ ЧУХАЛ УУ, УЛС ТӨР ЧУХАЛ УУ?
УИХ-ын сонгуулийн дүнгээр эдийн засгийг хямралаас гаргах даалгавар МАН-д оногдсон билээ. Сонгогчдын 44 хувь нь сайндаа ч МАН-д саналаа өгсөн юм биш өнгөрсөн дөрвөн жил эрх мэдлийн төлөө нэр нүүргүй болтлоо зодолдсон Ардчилсан намаас иргэд залхсандаа ийм сонголт хийсэн биз. МАН бол тулхтай улс төрийн хүчин. Аливаа асуудалд Ардчилсан намынхан шиг фракцийн эрх ашгаа нэгдүгээрт тавиад байдаггүй. Тиймээс ядаж л намынхаа эрх ашиг дор нэгдэж чаддаг гэсэн үүднээс улс орноо хямралаас гаргах үүрэг өгсөн сонгогчдынхоо итгэлийг алдвал Монгол Ардын нам Ардчилсан намын хувь тавиланг давтана гэсэн үг.
Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, улсын нь өр 23 тэрбум долларт хүрсэн, төсөв нь 2.4 их наядын алдагдал хүлээсэн гэх таагүй мэдээлэл ихтэй, ирэх гуравдугаар сарын 31-нд төлөх 580 сая долларын өрөө хэрхэн яаж барагдуулах вэ гээд улс орны эдийн засаг эмзэг цэг дээрээ байгаа энэ үед сайн, муу ч засаг төр нь тогтвортой байх нь чухал. Хэрэвзээ эдийн засгийн хямрал дээр засаглалын хямрал бий болбол Монгол МАН-тай хамт живнэ.
Тэр тусмаа Олон улсын валютын сан болон бусад улс орны Засгийн газартай зээл, тусламжийн талаарх хэлэлцээ ид явагдаж байгаа чухал мөчид Засгийн газраа чиглэсэн МАН-ын улс төр өөрсдөд нь төдийгүй Монгол Улсад ч асар хохиролтойгоор тусах юм. Монголын эдийн засагт үүссэн хүндрэлийн гол шалтгаан нь гадаад зах зээлээс илүүтэй дотоодын улс төр болсон. Тиймээс эдийн засгаа хямралаас гаргая гэвэл юуны өмнө эрх баригчдад эв нэгдэл хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн нэг хөшүүрэг нь тогтвортой засаглал. Засаглал нь тогтвортой байснаараа эдийн засгийн уналт тогтворжиж, бизнес эрхлэлт өргөжиж, ядуурал буурч, улс орны өрсөлдөх чадвар нэмэгддэг.
Тэгээд ч засаг төрөө огцруулснаар эдийн засгийн асуудлууд шийдэгддэггүй, харин улс төрийн хямрал улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намынхан үг, үйлдлээрээ нотолчихсон шүү дээ.
МАН-Д ЭВ НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ
2012 оноос хойш эрх мэдлийн төлөө бие биенээ намнасан нь Ардчилсан намыг гудамжинд лааз өшиглөхөд хүргэсэн хамгийн том шалтгаан болсон. Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэсэн ойлголтыг бий болгосноороо тэд өөрсдөө л МАН-д ялах боломжийг олгосон гэж хэлж болно. Энэ утгаараа өнөөгийн эрх баригчдын дотоод зөрчил хурцдах тусмаа Ардчилсан намын алдааг давтаж, гурван жилийн дараа гудамжинд хөөгдөөд гарах аюултай.
Тусгаар тогтнолын ордноос уугиад эхэлсэн улс төр, засгаа доргиоход хүрвэл дагаад Монголын нэр хүнд ч гадаад зах зээлд доргих болно. Цаг үе, нөхцөл байдлаа мэдэрдэг бол МАН-д өнөөдөр эв нэгдэл хамгаас чухал байна.
Энэ удаад Монгол ардын нам тулхтай, туршлагатай нам мөн үү, үгүй юу гэдгээ харуулах хамгийн чухал цаг үе дээрээ байна гэж хэлэхэд буруудахгүй биз. Монгол Ардын намынхан атгасан шагай шиг байж чадах уу аль эвсэл Ардчилсан нам шиг популистуудаа дийлж чадахгүй хагарал тэмцэл рүү явах уу?