Гацуурт өөх ч биш булчирхай ч биш болжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Гацуурт өөх ч биш булчирхай ч биш болжээ

Олон сарын турш сунжирсан “Гацуурт”-ын шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон ч дахин хойшлов. Шүүхийн шийдвэр хойшлогдох тусам алт олборлолтоос улсын төсөвт орох ёстой мөнгө алга болж, хууль бус алт ухагчдад далим болж байгаа бололтой. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн “Сентарра Гоулд”-тай шүүх дээр хэрүүл хийж байх зуур үнэн хэрэгтээ Ноён уул оготнод ухуулсан мэт сүйдэж буйг Мандал сумынхан ярих болжээ.

ШҮҮХЭЭС “ГАЦУУРТ”-ЫН ОРДЫГ АШИГЛАХЫГ ХОРИГЛООГҮЙ
 

“Гацууртын ордыг ашиглах асуудал шүүхийн ямар нэгэн маргаантай холбоогүй” гэдгийг “Сентерра Гоулд Монголия” компани мэдэгдэв.

Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын “Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан байдаг. Ингээд  ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд Монголия” компанийн нэр дээр гаргасан ч “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийнхөн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох хүсэлтийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Гацууртын асуудал шүүх дээр сунжрах тусам тус ордын татвар, хураамж, төлбөрөөс улсын төсөвт орж ирэх  438.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт зогссон байна.

“Гацууртын ордыг ашиглах асуудал шүүхийн ямар нэгэн маргаантай холбоогүй” гэдгийг “Сентерра Гоулд Монголия” компани мэдэгдэв. Компанийн хэвлэлийн төлөөлөгч Б.Сарангуа “Давж заалдах шатны шүүхээс компанийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан. Стратегийн ордын хил хязгаар болон Ноён уул орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоосон баримт, шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулж өгөөч гэж манай тал гомдол гаргасан. Харамсалтай нь, энэ гомдлыг Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, анхан шат руу нь буцаалаа. Уг нь Давж заалдах шатны шүүх 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр болсон шүүх хуралдаанаар дээрх хоёр нотлох баримтыг энэ хэрэгт чухал ач холбогдолтой, цуглуулах шаардлагатай гэж шийдвэр гаргаж байсан юм. Гэтэл сая өмнөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргасан” хэмээн нөхцөл байдлын талаар тайлбарлалаа.  

Тэгвэл “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний хуульч Г.Батбаяр “Үндэсний шуудан” сонинд 2017.02.10-ны өдөр өгсөн ярилцлагадаа “Стратегийн орд газар болон тусгай хамгаалалттай газар хоёрын хоорондын хилийн зааг хязгаарыг нарийвчлан тогтоох эсэх асуудал дээр маргаан үүссэн хэвээр байгаа” гэжээ.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын хуульч М.Батбаяр энэ асуудалд “Стратегийн ордын хил хязгаарыг тогтоох Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдан, ажиллаж байна. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаарыг тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа. Хил хязгаарыг эцэслэн тогтоох шаардлага бол бий. Түүнээс хил хязгаартай холбоотой маргаан гарсан асуудал байхгүй” хэмээн хоёр талд маргаан тариад байгаа асуудлаар тайлбар хийв. 

“Сентерра Гоулд Монголия” компани Гацууртын ордыг ашиглахад Ноён уул өртөхгүй гэдгийг тодотгож буй. Тахилга, шүтээнтэй гэх Ноён уул нь олборлолт явуулахаар төлөвлөж буй Гацууртын уурхайгаас 4-5 километр зайтай байдаг.

Уурхайн талбайд археологийн судалгаа хийж, Хүннүгийн булш бунхан байхгүйг лиценз эзэмшигч компанийн зүгээс тогтоосон бөгөөд малтлагаар илэрсэн дурсгалуудыг (Сурв: Эдгээр нь булш бунхан биш гэдгийг тодотгов) авран, хамгаалалтад авсан гэсэн тайлбарыг “Сентерра Гоулд Монголия” компани өгч байна.

НИНЖА НАРТАЙ ТӨР ТЭМЦЭХ ЁСТОЙ ЮУ?
 

Гацууртын асуудал ийн маргаан дагуулж, удаашрахын хэрээр Ноён уул нинжа нарын гараар орж, сүйтгэгдэж эхэлсэнд нутгийн олон халаглаж сууна. Албан ёсоор, хуулийн дагуу олборлолт явуулж эхэлбэл орон нутгийн төсөв, иргэдийн амьдралд нэмэртэйг Мандал сумын иргэд ярих болжээ.

Сумын цагдаагийн алба нинжа нарыг хянах гэж хичээдэг ч нэмэр болдоггүй аж. Нэг, хоёроороо хулгайгаар очсоор нэг мэдэхэд нинжа нар уулыг ар, өврөөс нь ухаад сууж байдаг болжээ. “Энэ нь эргээд улсын эдийн засагт өгөөжгүй, байгаль экологид эрсдэлтэй. Тиймээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн эх орон, өв түүхээ хамгаалах гэж буй бол нинжа нартай ч нүүр тулах ёстой” гэж шүүмжлэх иргэн байв.

Энэ шүүмжлэлд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг онцлоод, “Нинжа нартай төр тэмцэх ёстой” гэв. 

ГАЦУУРТЫН ОРДЫН АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛНА
 

Гацууртын ордын ашиглалтын болоод хөрөнгө оруулалтын гэрээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан боловсруулж байна.

Засгийн газраас шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах ажлын хэсгийг салбарын яамнаас байгуулжээ.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр цагаан сараас өмнө “Сентерра Гоулд Монголия” компанид Гацууртын ордыг хэрхэн, ямар нөхцөлтэйгөөр ашиглуулах вэ гэдэг асуудлыг тусгасан гэрээ бэлэн болох ажээ.

Өмнөх Засгийн газрын үед Гацууртыг ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байсан боловч тодорхойгүй шалтгаанаар зогссоныг шинэ Засгийн газар дахин үргэлжлүүлэхээр болжээ. Түүнчлэн Гацууртын ордын эдийн засгийн тооцооллыг шинэчилж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ГАЦУУРТЫН ОРДНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛЫГ ГАРГАХДАА

  • Хөрөнгө оруулалтын хэмжээг 215.9 сая ам.доллар
  • Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар
  • Татвар хураамж төлбөр хэлбэрээр 438.8, сая ам.доллар
  • Цэвэр ашгийн хувьд 90.6 сая ам.доллар олж, нийт мөнгөний урсгалын 81 хувь нь Монголд үлдэнэ гэж тооцжээ.

Гэхдээ өмнөх Засгийн газрын дээрх тооцооллыг Мэргэжлийн Засгийн газар  шинэчлэхээр боломжит тооцооллыг хийж байгааг дахин сануулъя.  

Төгсгөлд нь тэмдэглэхэд,

Ноён уулыг “нохойн зам”-аар оруулах уу, эсвэл Гацууртын ордод хуулийн дагуу албан ёсны олборлолт явуулж ашгаа хүртэх үү? Гэсэн асуулт өнөөдөр эрх баригчдаас хариулт нэхэж байна. 

Шүүхийн шийдвэр хойшлохын хэрээр “нинжа” нарын гарт алтаа ч, уулаа ч алдаад дуусч магадгүйг ахин дахин сануулах нь зөв байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж