Францын Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд энэ оны анхны “Их дуулга” тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн 60 орны 431 /эрэгтэй 270, эмэгтэй 161/ тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс манай жүдоч нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр/2017.02.12/ эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулав. Тэрбээр Бразил, Киргизстан, Тунисийн бөхчүүдийн дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохед нэмэлт цагт цэвэр ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Т.Гурамыг хоёр минут 37 секундэд цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.
Энэ жинд нийт 33 бөх барилдсанаас Японы бөхчүүд алт, мөнгөн медалийг хүртсэн бол Монголын Ө.Дүүрэнбаяр, Бразилын Рафаэль Силва нар хүрэл медалийн эзэд боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн VII байр байр эзлэв. Дэлхийн 60 орноос 19 нь ямар нэгэн медаль хүртсэнээс Монголын баг IX байрт жагслаа.
Ч.БОЛОР