Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр барилдаж буй манай жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Манай жүдоч Бразил, Киргизстан, Тунисийн бөхчүүдийн дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохед нэмэлт цагт цэвэр ялагдлаа. Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдана. Финалын барилдаан шөнийн 01.00 цагаас эхлэн явагдах юм.
Мөн өнөөдөр 81 кг-д Н.Дагвасүрэн Франц, Тажикстаны бөхчүүдийг ялсан ч Нидерландын Франкад ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Сүк Воонд цэвэр даруулж, хүрэл медалийн төлөө барилдах эрхийг авч чадсангүй. 90 кг-д барилдсан Г.Алтанбагана хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр татамид гарсан жүдочдоос +100 кг-д Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна.
Өчигдөр барилдсан эрчүүдээс 66 кг-д өрсөлдсөн Г.Хэрлэн ганцаараа медалийн төлөө барилдах эрхийг авсан ч шагналт V байр эзэлсэн юм.
Харин Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын зургаан эмэгтэй жүдоч Парисын татамид өрсөлдсөнөөс нэг мөнгөн медаль хүртсэн. Тодруулбал, 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй М.Уранцэцэг ганцаараа медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн онд Риогийн наадамд ялагдаж байсан БНСУ-ын Жон Бу Гён дахин таарч нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм.
60 орны жүдочид өрсөлдөж буй Парисийн "Их дуулга"-д эхний өдөр Япон гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол БНСУ хоёр, Косово, Словена улсаас тус тус нэг аварга төрөөд байна. Манай улс одоогоор долоодугаар байрт жагсаж буй.
Энэ оны анхны "Их дуулга"-д дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад баг тамирчид оролцлоо.
ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/
Холбоотой мэдээлэл: https://www.ijf.org/
Ч.БОЛОР