Гэр бүлээ харшил болон астмагаас сэргийлцгээе!
ХАРШИЛ, АСТМАТАЙ ТАНИЛЦСАН МИНЬ
Би өөрөө болоод эхнэр хүүхдүүдээ өвчин тусчихвал интернэт ухаж байгаад учир шалтгааныг нь олчих, чадвал эмчилчих санаатай байдаг хүн. Туршлагаасаа харахад нэгэнт өвчин тусчихсан бол өөрөө өөрийгөө эмчилсэнээс мэргэжилийн эмчээр оношлуулж, эмчлүүлэх нь дээр болохыг ойлгосон. Гэхдээ хүн анагаахын тодорхой хэмжээний мэдлэгтэй байж өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг болчихвол өөрийгөө болоод ойр тойрныхоо хүмүүсийг олон төрлийн өвчнөөр өвдөхөөс аврах боломжтой.
Хүү маань тоостой газраар явахаар ханиад тусчихсан юм шиг бүгшүүлж ханиалгадаг болсон бөгөөд тэр бүрд нь хүүхдийн эмчид үзүүлэхэд антибиотек бичиж өгдөг байв. Энэ явдал олон удаа давтагдсан учир өөр хүүхдийн эмчид үзүүлтэл харшил дээр суурилсан ханиад, астма болохын өмнөх шатанд явж байгааг мэдэв. Астматай гээд айхавтар бүгшүүлж ханиалгадаг хүнтэй таарч байсан боловч харшилийн өвчин болохыг нь мэдээгүй явжээ. Хүү маань ханиалгахаас гадна биеэр нь юм гардаг болсон бөгөөд хөлийн улан дээр нь гарсан нь бүр арьсийг нь хуурайшуулж тос түрхэхгүй бол хагардаг болчихсон байв.
Сурсан зангаараа интернэт ухаж судалсан чинь: Хүн бүр хүний биед нэвтрэх микроб, вирус гэх мэтийн хүнд хор уршиг учруулдаг гадны биетүүдийг устгаж аюулгүй болгож байдаг дархлааны системтэй байдаг. Гадны хортой биетүүдийг таних чадварыг алдагдуулдаг бодисуудын нөлөөгөөр хүний дархлааны систем хэт мэдрэг болж хүнд ямар ч хор нөлөөгүй ургамлын тоос, шавьж, амьтан, өөрийн арьс гэх мэт зүйлийг хортой мэтээр буруу таньж хариу үйлдэл үзүүлэх дархлааны системийн өвчнийг харшил гэдэг юм байна.
Хүн төрөөд 10 орчим нас хүрч байж дархлааны систем нь бүрэн бүрэлддэг тул 10 хүртэлх насны хүүхдүүд гадны нөлөөлөлд мэдрэг, харшил, астматай болох магадлал 10-аас дээш насны хүнтэй харьцуулбал их өндөр байдаг. Энэ магадлал нь нялх хүүхдэд бүр өндөр байгаад томрох тусам нь багасдаг. Хүнийг харшил, астматай болгодог хэдэн бүлэг зүйлс байдаг нь судалгаагаар тодров.
1.ЭМ
Жишээ нь: Бидний хоол хүнс шиг замбараагүй хэрэглэдэг антибиотекууд дархлаа дарангуйлдаг ба харшилтай болгох өндөр магадлалтай болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болсон байна. Хүний гэдэсний өнгөр бүрэн бүтэн сайн байгаа нөхцөлд орж ирсэн хүнснээс биед шаардлагатай тэжээл, витаминууд, эрдэс бодисуудыг шимэгдүүлэн авч биеийн дархлааны систем үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чаддаг.
Гэдэсний өнгөр дотор төрөл бүрийн микробууд амьдардаг ба хүний биед ашигтай микробууд давамгайлж байгаа нөхцөлд хүн эрүүл байдаг. Уг ашигтай микробууд нь хоол хүнсийг бүрэн задалж биед шимэгдэх боломжтой болгож өгдөг. Антибиотек нь хүний гэдэсний өнгөрийн ашигтай, ашиггүй бактеруудыг хамтад нь устгадаг учир хоол хүнс бүрэн задрахгүй болж гэдэсний өнгөрийн хэвийн байдал алдагддаг. Ингэснээр биед шаардлагатай тэжээл, витаминууд болон эрдэс бодисуудыг бүрэн шимэгдүүлэн авч чаддаггүйгээс дархлааны систем өвчилдөг юм байна. Хэд хоног антибиотек уучихаар идсэн хоол хүнсийг задалж өгөх ашигтай бактер багассанаас болж гүйлгээд эхэлдэг.
Настай хүмүүс гэдэс нь өнгөргүй болчихож гэдэгсэн. Үүнийг эмч нар дисбактериоз гэх юм билээ. Дархлааны систем өвчлөх нь харшил, астма-аар өвдөх урьдчилсан нөхцөл болдог. Зайлшгүй антибиотек хэрэглэх шаардлагатай болох юм бол линекс гэх мэтийн пробиотектай ууж сөрөг нөлөөллийг нь бууруулах боломжтой. Пробиотек гэдэг нь хүний биед ашигтай бактерууд бөгөөд гэдэсний өнгөр дэхь ашигтай бактеруудыг нөхөх зорилгоор уудаг. Одоо би өөрөө болоод ойр тойрныхоноо антибиотек хэрэглэх үед нь дор хаяж 21 хоног линекс эсвэл амьд тараг уулгадаг. Амьд тарганд хүний биед ашигтай бактерууд хангалттай хэмжээтэй байдаг. Амьд тарагны сул тал нь хадгалалт даахгүй исэж мууддагт оршдог. Хадгалалалтын хугацааг нь уртасгахын тулд таргаа бүрсэний дараа амьд бактеруудыг нь үхүүлдэг болсоноос дэлгүүрийн лангуун дээр 10-20 хоночихсон хэрнээ исэж мууддаггүй үйлдвэрийн тарагнууд гарч ирсэн. Нэгэнт хүнд ашигтай бактеруудыг нь устгачихдаг учир үйлдвэрийн тарганд гэдэсний өнгөр дэхь бактеруудыг сэргээх, дэмжих ашигтай чанар нь байхгүй болсон байдаг.
Гадны орнуудад үхрийн аж ахуйг ашигтай эрхлэхийн тулд тэжээлд нь сүү саалийг нь ихэсгэх, тарга хучийг нь хурдан нэмэх гормон хольдог ба нэг дор нь олон зуу, мянгаар нь үржүүлдэг. Нэг дор олон үхэр тэжээх үед халдварт өвчин тархах магадлал нэмэгддэг ба нэг дор хэдэн арав, зуун мянгаар нь хоргодуулдаг халдварт өвчин гарч байдаг. Эдгээр өвчний тархалтаас сэргийлэхийн тулд байнга тэжээлд нь антибиотек хольж өгч байдагаас гадны орнуудад үйлдвэрлэгдсэн мах, сүү тодорхой хэмжээний тарга хүч, өсөлтийн гормон болон антибиотек агуулсан байдаг. Барууны орнуудад мах, сүүнд агуулагдахыг зөвшөөрөгдөх гормон, антибиотекийн хэмжээг стандартаар тогтоож эхэлсэн.
Гэхдээ Хятадад энэ стандарт нэвтрээгүй ба барууны орнууд иймэрхүү стандартыг гадаадад экспортлох мах, сүүн дээрээ тэр бүр мөрдөөд байдаггүй. Манай сүүний үйлдвэрүүд гаднаас импортолсон хуурай сүүг өргөн ашигладаг. Импортын хуурай сүү нь гормон, антибиотектай ба ийм хуурай сүүгээр үйлдвэрлэсэн амьд бактергүй тараг, сүү хүүхэддээ өгөх нь ухаалаг зүйл биш нь ойгомжтой. Манай зарим үйлдвэрлэгчид элгэн тараг нэртэй өтгөн тараг үйлдвэрлэдэг. Эдгээр тарагийн ихэнхийг нь өтгөрүүлэгч химийн бодис ашиглаж хийдэг бөгөөд уг химийн бодис нь хүүхдийг харшилтай болгодог нэг эх үүсгэвэр болдог. Угаасаа амьд бактергүй, гормон, антибиотектай бүтээгдэхүүн нь дангаараа харшилтай, тарган болгох өндөр магадлалтай байхад дээр нь харшилтай болгодог химийн өтгөрүүлэгч хольсон элгэн тараг нэртэй бүтээгдэхүүн өгөх нь хүүхдээ харшилтай болгох морийг нь унуулж байгаа хэрэг юм. Хүүхэд байсан ч хэт тарган байх нь эрүүл бусыг илтгэх үзүүлэлт юм.
Хүүхдэддээ монгол малын сүүгээр гэрийн нөхцөлд буюу уламжлалт аргаар бүрсэн тараг өгөх нь зүйтэй. Гэхдээ хавар хонины шинэ тараг идэх нь аюултай гэдгийг анхаараарай. Сүүлийн үед манай эмч нар өвчтөндөө дархлаа дэмждэг анаферон, биферон зэрэгийг бичих нь түгээмэл болж байгаа. Эдгээр дархлаа дэмжих бэлдмэлүүд нь дархлааны системийг хэт мэдрэг болгож харшил, астма-аар өвчлөх магадлалыг эрс өсгөдөг тул 10 хүртэл насны хүүхдэд аль болох өгөхгүй байсан нь дээр шүү!
2.АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА
Гэр ахуйн бараан дахь зарим төрлийн химийн бодисууд хордлого, харшил, хавдартай болгох суурийг тавьдаг нь тодорхой болсон байна. Жишээ нь: Угаалгын бодисонд ордог VOC (Volatile Organic Compound – Ууршимтгай Органик Нэгдэл (УОН)) нь хүнийг астма, дерматиттай болгодог нь нотлогдсон. Нялх, нярай,балчир насны хүүхдийн дархлааны систем мэдрэг байдаг тул тэдэнд УОН илүү хортой нөлөөлдөг. Ийм нөлөөллийг нь мэддэг учир Монголчууд нялх, нярай хүүхдийн хувцас, хэрэглэлийг воок-оор угаадаггүй. Воокоор угаасан хувцас, воокноос үнэртдэг үнэр нь УОН-ы үнэр юм байна.
Воокоор угаасан хувцас өмсчихөөд нялх нярай хүүхэд тэврэх эсвэл воокоор угаасан хувцасаа хүүхэдтэй орчинд хатааж болохгүй нь байна шүү. Нэгэнт харшилтай болсон бол өнөөдөр шарилжны харшилтай байсан хүн маргааш давхар савангийн харшилтай болох гэх мэтчилэн солигдох боломжтой. Иймээс анхнаасаа харшилтай болохгүй байхыг хичээх, нэгэнт харшилтай болчихсон бол харшил өдөөгчийг үгүй хийх, идэвхжилийг нь бууруулах, арилгах шаардлагатай.
Үргэлжлэлийг https://www.facebook.com/Ij0Ch хуудсаас уншаарай.