Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг спорт холбоодын зүгээс зохион байгуулж, дүнг төрийн холбогдох байгууллагад танилцуулж дуусчээ.
БТСГ-ын дэргэдэх Шигшээ багийн алба, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах Орон тооны бус зөвлөлөөс албан ёсоор тамирчид, дасгалжуулагчдын нэрсийг зарлаагүй байгаа ч чөлөөт бөхийн тухайд хэдийнэ сонгосон дасгалжуулагч, тамирчид “ажилдаа орж”, эхний тэмцээндээ мордоод байна.
Шигшээ багийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ч өөрийн хүсэлтээр цалинтай буюу үндсэн тамирчны орон тооноос нэрээ татсан Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медаль, Гавьяат тамирчин С.Батцэцэг эл шийдвэрийнхээ талаар өчигдөр /2017.02.13/ фэйсбүүк хуудсандаа тайлбар хийлээ.
Тэрбээр,
-“Соронзонболдын Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байв. Үүнээс хойш баг хамт олон, Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, төрийн байгууллагууд, Чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарынхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгээр олон сайхан амжилтад хүрсэндээ баяртай байдаг.
Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг, түүнийг дагаад том хариуцлага ирж байгааг ойлгож, өдөр бүр хичээж бэлтгэл, сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж, одоогоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 1 мөнгө, олимпийн хүрэл, Оюутны “Универсиад” наадмын алтан медаль хүртсэн зэрэг амжилтыг гаргалаа. Энэ амжилтыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсний учир би тогтмол цалин авдаг. Гэхдээ би өнөөдөр миний оронд өөр нэг тамирчин шигшээ багт орж, миний мэдэрсэн мэдрэмжийг авч, амжилт гаргаасай гэж хүссэн учир 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилгоор ийм шийдвэр гаргасан.
Монголын чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч, багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн би барилдахаа болих болоогүй ээ. “Токио 2020” олимпийн наадмын шинэ цикл эхэлж байна. Би бэлтгэлээ нягт сайн хийнэ. Албан бус шигшээ багт орж, бэлтгэл цугларалтад бүрэн хамрагдана. Би цалин авахгүй л болохоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг хоёр найз маань дэмжиж, бид гурав спортоор хичээллэж байсан бага жаахан хүүхэд байсан үеэ бодон, ийм шийдвэр гаргасан юм. Бид өөрсдийн чадах зүйлээр, өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн л нэг тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.
Б.ЭНХ